САЙХАНДУЛААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТАНИЛЦУУЛГА
Монгол Улс хүмүүнлэг, ардчилсан нийгэмлэг байгуулах, өөрчлөлт шинэчлэлтийн замд эргэлт буцалтгүй орсноо тунхаглан зарласан шинэ үндсэн хуулийн дагуу батлагдсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль нь орон нутгийн удирдлагын шинэ тогтолцоог бүрдүүлсэн.
Сайхандулаан сумын ИТХ нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үүсэн тогтмолжиж ирсэн 25 жилийн хугацаанд сумын ИТХ-ын дарга, хурлын даргаар Ж.Доржсэмбэ, Д.Пунцагсүрэн, Д.Борхүү, Б.Эрдэнээ, Х.Батбаатар, Б.Эрдэнэжаргал, Д.Баасанжав нарийн бичгийн даргаар Ж.Эрдэнэсувд Б.Эрдэнээ, А.Цогдарь, А.Өнөрмөнх, М.Батцэцэг нар ажиллаж өөрийн сонгуульт хугацаандаа НӨУЁсны ажлыг гүйцэтгэж ирсэн байна. 1992 оны 9-р сарын 23-ны өдөр анхдугаар хуралдаанаа хийж хууль ёсны үйл ажиллагаагаа эхэлсэн ба Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь 20 төлөөлөгч, 5 тэргүүлэгтэй анх байгуулагдсан байна. Төлөөлөгчдийн 14 нь эрэгтэй, 6 нь эмэгтэй. 7 нь дээд боловсролтой, бусад нь тусгай дунд болон бүрэн дунд, суурь боловсролтой байжээ.
2016 оны сонгуулийн үр дүнгээр сумын ИТХ-ын төлөөлөгчид шинээр сонгогдож сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын даргаар Дарамдууз овогтой Баасанжав, Нарийн бичгийн даргаар Мөнхтогтох овогтой Батцэцэг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчээр М.Батцэнгэл, С.Наранбаяр, М.Батдэлгэр, С.Дэмбэрэл, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр Х.Батбаатар нар сонгогдон ажиллаж байна.
Өнгөрсөн он жилүүдэд 6 удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан өөр өөр бүтэц, бүрэлдэхүүнтэй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлууд ажилласан хэдий ч нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх, төлөөлөгчид, тэргүүлэгчдийг чадавхжуулах, орон нутгаа хөгжүүлэх, иргэдийн ая тухтай амар тайван амьдрах орчныг бий болгох чиглэлээр нэгэн сэтгэл зүтгэлээр ажиллаж, өмнөх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхаа ололт амжилтыг бататган алдаа оноог дүгнэн, нутгийн өөрөө удирдах байгууллагын залгамж холбоог бэхжүүлсээр ирсэн нь бидний бахархалын нэг юм.Төлөөлөгчдийн 86.6 хувь нь дээд буюу тусгай дунд боловсролтой, 20.0 хувь нь эмэгтэй, 73.3 хувь нь 2 ба түүнээс дээш удаа сонгогдож байгаа туршлагатай Төлөөлөгчид байна.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарч байгаа тогтоол, шийдвэрүүд хангалттай хэрэгжиж, дотоод ажлын зохион байгуулалт сайжирч, үйл ажиллагаа нь тогтмолжиж, 2013 оны ажлаараа аймагтаа тэргүүлсэн амжилт нь үе үеийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, удирдлагуудын уйгагүй хөдөлмөр зүтгэл гэж үнэлдэг.
Нутгийн өөрөө удирдах байгууллагыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Нутгийн удирдлагын холбооны тэргүүний ажилтан А.Өнөрмөнх, Х.Батбаатар, Б.Эрдэнэжаргал, сумын ИТХ-ын төлөөлөгчөөр тасралтгүй 6 удаа сонгогдож 20 жил төлөөлөгчөөр ажилласан Нутгийн удирдлагын холбооны тэргүүний ажилтан Г.Чулуунбаатар, Нутгийн өөрөө удирдах байгууллагын ахмад ажилтан Н.Эрдэнэбилэг нарын тэргүүний сайчуудаараа Сайхандулаанчууд бид бахархадаг.
ДАРАМДУУЗЫН БААСАНЖАВ
Чиг үүрэг: Нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг хурлын үйл ажиллагаагаар бие даан шийдвэрлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цагаатгах ажлыг зохион байгуулах, хүмүүнлэгийн байгууллагын ажлыг удирдан чиглүүлэх, сум, багийн хурлын байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагааг хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд удирдан чиглүүлж ажиллах.
Мэргэжил, боловсрол: 2004-2008 онд Улаанбаатар хотод Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургуулийг төгссөн. Банк, санхүү, нягтлан бодох бүртгэл мэргэжилтэй. Төрийн удирдлагын менежер
Мэргэшлийн бэлтгэл: 2010 онд “Нутгийн өрөө удирдах ёсны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт сургалт, 2011-2012 онд Удирдлагын академийн төрийн удирдлагын Менежерээр суралцаж төгссөн. 2015 онд Япон Улсад Төрийн удирдлагын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.
Ажил байдал:
2008 оны 12 дугаар сараас сумын Засаг даргын орлогч
2012-2016 онд сумын Засаг дарга
2016 оны 11-р сараас сумын ИТХ-ын даргаар ажиллаж байна. Төрийн албанд 2008 оноос ажиллаж байна.
Сонгуульт ажил:
2008-2012 онд Сумын ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч
2012 оноос Сумын ИТХ-ын төлөөлөгч, Сумын Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга, сумын Ардчилсан намын дэд дарга
Ажлын амжилт үр дүн. 2012-2015 онд удирдсан баг, хамт олны болон сумын эдийн засаг, нийгмийн хөгжлийн ажлаараа аймагтаа эхний 3 –р байрт шалгарсан. 2016 онд Хүүхдийн төлөө үйлс медалиар шагнагдсан.