АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ШАГНАЛЫН ЖУРАМ

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ШАГНАЛЫН ЖУРАМ

/Аймгийн   Засаг   даргын  2019 оны 01 дүгээр сарын 23- ны өдрийн А/ 77 дугаар захирамж/

Нэг: Нийтлэг үндэслэл

            Дорноговь аймгийн  “Хүндэт иргэн”,  “Тэргүүний хамт олон”,  “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, аймгийн Засаг даргын  “Жуух бичиг”,  “Өргөмжлөл” нь аймгийн Засаг даргын болон орон нутгийн захиргааны дээд шагнал мөн.

           Энэхүү журмын зорилго нь аймгийн Засаг даргын шагналаар шагнуулах, нэр дэвшүүлэх, уламжлах, өргөн мэдүүлэх, түүнийг хүлээн авч судлах, шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

                           Хоёр.Аймгийн Засаг даргын шагналд нэр дэвшүүлэх,  уламжлах, өргөн мэдүүлэх, шийдвэрлэх               

        2.1.Аймгийн Засаг даргын шагналаар шагнуулах хүсэлтийг төрийн болон төрийн бус байгууллага, улс төрийн нам, аж ахуйн нэгж байгууллагын хамт олны хурлаас гаргаж, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн дарга нар шууд, бусад төрийн болон төрийн бус  байгууллагын дарга нар харьяалах сумын Засаг даргаар уламжлуулан аймгийн Засаг даргад хүргүүлнэ.

        2.2.Аймгийн Засаг даргын шагналаар шагнуулах хүсэлтийг  анхан шатанд дараахи хурлаар хэлэлцэж нэр дэвшүүлнэ.

              а/Тухайн байгууллагын хамт олны хурлын тэмдэглэл

               б/Байгууллага хамт олны саналыг дэмжсэн тухай сумын Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл

        2.3.Тухайн суманд үйл ажиллагаа явуулдаг төсөвт байгууллага болон аж ахуйн нэгж, байгууллагын дарга нар аймгийн Засаг даргын шагналд тодорхойлсон ажилтны холбогдох материалыг сумын Засаг даргад  хүргүүлэх ба сумын Засаг дарга саналыг дэмжсэн тохиолдолд аймгийн Засаг даргад уламжилна.

        2.4.Тэтгэвэрт гарсан ахмад настнуудыг тухайн сумын ахмадын байгууллага эсвэл сумын Засаг даргын тодорхойлолтоор аймгийн Засаг даргад уламжилж болно.

        2.5.Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийг холбогдох мэргэжлийн байгууллага, Төрийн бус байгууллага, холбоод  сумын Засаг даргаар дамжуулан аймгийн Засаг даргад уламжилна.

        2.6.Аймгийн Засаг даргын шагналд уламжилж буй материал дараахи бүрдлийг хангасан байна.

            а/Шагнуулах хүний анкет /3x4 хэмжээтэй зурагтай/

            б/Ажил байдлын тодорхойлолт

            в/Хамт олны хурлын тэмдэглэл

            г/Сумын Засаг даргын санал

Гурав.Аймгийн Засаг даргын шагналд тавигдах шаардлага

Аймгийн Тэргүүний хамт олон шагналд тавигдах шаардлага

        3.1.Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтыг хэрэгжүүлэхэд  тодорхой хувь нэмрээ оруулан, үйлдвэрлэл, үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чанартай хүргэхэд идэвх санаачилга  гаргаж бусдыгаа манлайлан ажилласан байгууллагыг аймгийн “Тэргүүний хамт олон” шагналаар шагнана.

        3.2.Аймгийн “Тэргүүний хамт олон” нь авлигаас ангид, сайн засаглалыг бэхжүүлэх талаар бусдад туршлага болохуйц үйл ажиллагааг хэрэгжүүлсэн, орон нутгийн төсвийн орлогын  бүрдүүлэлт болон байгууллагын нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандартад нийцүүлэн зохион байгуулсан, татварын тайланг цаг хугацаанд нь гаргаж төлбөрийг бүрэн барагдуулсан, хамт олны дундаас сүүлийн 3 жил дараалан гэмт хэрэг, зөрчил гаргаагүй, удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг цаг хугацаанд нь  биелүүлж ирсэн, тухайн жилийн үйл ажиллагаандаа шинэ санал, санаачилга гарган нэвтрүүлж, үр дүнд хүрсэн, иргэд, олон нийтийн дунд сайн үнэлэмжтэй, нийгмийн хариуцлагыг дээдэлж ажилладаг хамт олон байна.

        3.3.Аймгийн “Тэргүүний хамт олон” шагналаар шагнуулах байгууллага, хамт олон нь сумын “Тэргүүний хамт олон”-оор шалгарсан байх ба сүүлийн 2 жил дараалан ажлын амжилт нь өссөн байна.Дээрх шаардлагыг хангасан нөхцөл нь аймгийн “Тэргүүний хамт олон” шагналд нэр дэвшүүлэх үндэслэл болох бөгөөд сумын Засаг даргаас аймгийн Засаг даргад уламжилна.

Аймгийн Хүндэт иргэн шагналд  тавигдах шаардлага

        3.4.Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын цол хүртсэн,  улс, орон   нутгийн   хөгжил цэцэглэлтэд  онцгой, бодит   хувь  нэмрээ  оруулсан, ард  иргэдийн    дунд нэр хүндтэй иргэнд аймгийн “Хүндэт иргэн” цол, үнэмлэх, тэмдэг олгож алдаршуулна.

        3.5.Оюуны хөдөлмөр эрхлэн зохиол бүтээл туурвиж, уг бүтээл нь дэлхий, олон улсын хэмжээнд  амжилт   үзүүлсэн, төрийн  албанд   олон   жил   үр   бүтээлтэй  ажилласан,  тухайн  

иргэний санал, санаачилгаар нийтэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн иргэнд аймгийн “Хүндэт иргэн” үнэмлэх, тэмдэг олгож болно.

        3.6.Аймгийн “Хүндэт иргэн” цол, үнэмлэх, энгэрийн тэмдгийг Дорноговь аймгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан өөр аймаг, сумын иргэн болон гадаадын иргэнд олгож болно.

Аймгийн Тэргүүний ажилтан шагналд  тавигдах шаардлага

        3.7.Аймгийн “Тэргүүний ажилтан”-аар шагнуулж буй иргэн нь аймгийн эдийн засаг,  нийгмийг хөгжүүлэх үйлсэд амжилт гаргаж, санаачилан хийсэн ажил нь тухайн салбартаа нэвтэрч, үр дүн гаргасан байна. Эрхэлсэн ажилдаа 5-аас доошгүй жил тогтвортой ажиллаж, ажлын үзүүлэлт нь сүүлийн 3 жил дараалан өсч, байгууллага болон сумын “Тэргүүний ажилтан” болсон байна.

        3.8. Аймгийн “Тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнуулах иргэн нь аймгийн Засаг даргын “Жуух бичиг”,  “Өргөмжлөл”-өөр шагнагдсан, нийгмийн идэвх оролцоо сайтай, ёс зүйтэй, бусдад үлгэр дууриал болохуйц  иргэн байна.

        3.9.Сумын “Тэргүүний ажилтан” шагнал хүртсэнээс хойш 3 жилийн дараа аймгийн Засаг даргын шагналд уламжилж болох ба энэ хугацаанд ажлын үзүүлэлт нь тогтмол өссөн байна.

Аймгийн Засаг даргын Жуух бичиг шагналд тавигдах шаардлага

        3.10.Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр шагнуулж буй иргэн нь эрхэлсэн ажилдаа тогтвор суурьшилтай, амжилттай ажиллаж, шинэ зүйл санаачлан хийж тодорхой үр дүнд хүрсэн байна.

        3.11.Сүүлийн 3 жилийн ажлын үзүүлэлт нь тогтмол өссөн үзүүлэлттэй байна.Мөн сумын Засаг даргын шагнал болон аймгийн Засаг даргын “Өргөмжлөл” хүртсэн байх шаардлагатай.

Аймгийн Засаг даргын Өргөмжлөл шагналд тавигдах шаардлага

        3.12.Аймгийн Засаг даргын “Өргөмжлөл”-өөр шагнуулах иргэн нь эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажиллаж, сүүлийн 3 жилийн ажлын үзүүлэлт тогтмол өссөн байна.

        3.13.Ажил үйлсээрээ хамт олноо тэргүүлэн ажиллаж, сумын Засаг даргын “Өргөмжлөл” шагнал болон байгууллагын аварга ажилтнаар шалгарсан байх.

        3.14.Улс, аймгийн чанартай уралдаан тэмцээнүүдэд эхний 3 байрт орж, амжилт үзүүлсэн бол тус шагналаар шагнуулах үндэслэл болно.

                                 Дөрөв.Дагалдах мөнгөн шагнал, тэмдэг, үнэмлэх

           Аймгийн “Хүндэт иргэн”, тэмдэг, үнэмлэх                        3 000 000 төгрөг

           Аймгийн “Тэргүүний хамт олон”,өргөмжлөл                     1 000 000 төгрөг

           Аймгийн “Тэргүүний ажилтан”, тэмдэг, үнэмлэх              250 000 төгрөг

           Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”                                  100 000 төгрөг

           Аймгийн Засаг даргын “Өргөмжлөл”                                   50 000 төгрөг

Тав.Шагнах журам

        5.1. Аймгийн Засаг даргын  шагналыг “Нийтээр тэмдэглэх  баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 -4.1.9 дэх заалтын дагуу

                -Үндэсний их баяр наадам

                -Цагаан сар: билгийн тооллын шинийн нэгэн

                -Шинэ жил

                -Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр

                -Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр

                 -Их Эзэн Чингис хаан мэндэлсэн өдөр буюу билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн

                -Бүгд  Найрамдах Улс тунхагласан өдөр

                -Аливаа салбар, байгууллагын тэмдэглэлт өдөр, тэгш ойг тохиолдуулан аймгийн Засаг даргын шагналыг  тус тус олгоно.

        5.2. Нийтээр тэмдэглэх  баяр, тэмдэглэлт өдөр, тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлэх болон аймгийн хэмжээний хурал зөвлөгөөн, зохион байгуулалттай нэгдсэн арга хэмжээний үеэр түүнээс ажлын 10-аас доошгүй хоногийн өмнө аймгийн Засаг даргын “Жуух бичиг” болон “Өргөмжлөл”-өөр шагнах иргэдийн материалыг ирүүлсэн байна. Уг хугацааг хангаагүй тохиолдолд шагналын материалыг буцаах буюу дараагийн шагналтай хамтатган шийдвэрлэж болно. Аймгийн Засаг даргын шагналд нэр дэвшүүлэх ажилтан, албан хаагч, иргэний  талаар  аймгийн  Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтэстэй урьдчилан зөвшилцсөн байна.

        5.3. Аймгийн “Тэргүүний хамт олон”, “Тэргүүний ажилтан” шагналаар шагнуулах иргэд, хамт олны материалыг жил бүрийн 01 дүгээр сарын 10-ны дотор хүлээн авч, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэнэ.

        5.4. Онцгой амжилт гаргасан, онц чухал үүрэг гүйцэтгэсэн, байгалийн гамшиг ослын үед идэвх зүтгэл гаргаж ажилласан албан хаагчид болон иргэдийг дээрх нөхцлийг харгалзахгүйгээр  аймгийн Засаг даргын шагналаар шагнаж болно.

        5.5. Олон улсын чанартай уралдаан тэмцээнд оролцож, шагналт байр эзэлсэн тохиолдолд аймгийн Засаг даргын “Жуух бичиг”, улсын чанартай уралдаан тэмцээнд оролцож шагналт байр эзэлсэн тохиолдолд аймгийн Засаг даргын  “Өргөмжлөл”-өөр шагнана.

            5.6. Шагналын шаардлага хангаагүй материалыг тухайн сум, байгууллагад ажлын 10 хоногт багтаан буцаана.   

# Файлын нэр Тайлбар
1 Шагналын журам.docx
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ