“Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам” батлах тухай

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН

ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

 

2017 оны 12 сарын 01-ний өдөр                                                                         Дугаар 06/05                                                                Сайншанд

 

“Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх

тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”

батлах тухай

 

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 19 дүгээр зүйлийн 19.1.4, 25 дугаар зүйлийн 25.1, 39 дүгээр зүйлийн 39.1, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь заалт, Засгийн газрын 2017 оны 46 дугаар тогтоолыг тус тус үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

             1. “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ыг хавсралтаар баталсугай.

            2. Журмын хэрэгжилтийг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулан хяналт тавин ажиллаж, хэрэгжилтийн явцын тайланг хагас, бүтэн жилээр гарган, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулахыг аймгийн Засаг дарга /Т.Энхтүвшин/-д үүрэг болгосугай.

        3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Н.Хонгорзул/, Дэд бүтэц, байгаль орчин, хөдөөгийн бодлогын хорооны ахлагч /С.Одбаяр/ нарт даалгасугай.

        4. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 63 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай. 

 

 

 

 ДАРГА                                       С.ТҮМЭНБАЯР

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 

2017 оны 12  дугаар сарын 01-ний өдрийн

06/05  дугаар тогтоолын хавсралт

  СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР

ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ,

ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.  Энэхүү журмын зорилго нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4, 6, 7, 8 дугаар зүйл, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.5 дахь заалтыг хэрэгжүүлэхэд оршино.

1.2. Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл /цаашид “тусгай зөвшөөрөл” гэх/-ийг аж ахуйн нэгжид олгох, хугацаа сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавихтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.3. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль тогтоомж, стандарт, эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэр болон энэ журмын хүрээнд явагдана.

1.4. Энэхүү журам нь Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа, Улсын бүртгэлд бүртгүүлсэн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болон гадаад байгууллагуудад нэгэн адил үйлчилнэ.

1.5. Энэхүү журмыг хэрэгжүүлэх ажлыг Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, сумдын Засаг дарга нар зохион байгуулж, хэрэгжүүлнэ.

 

Хоёр.Байгууллагын хүлээх үүрэг

 

2. Тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих эрх бүхий байгууллагууд нь  дараах үүргийг хүлээнэ.Үүнд:

2.1.Холбогдох мэргэжлийн байгууллагуудаас ирүүлсэн санал дүгнэлтийг үндэслэн аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгох, хугацаа сунгах, хүчингүй болгох, түдгэлзүүлэх, сэргээх шийдвэрийг хүсэлт ирүүлснээс хойш 15 хоногийн дотор шийдвэрлэнэ.

2.2. Энэхүү журмын хэрэгжилтийг хангахад сумын Засаг дарга, мэргэжлийн байгууллагууд тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид хяналт тавихаас гадна хамтран ажиллаж дэмжлэг үзүүлнэ.

2.3.Мэргэжлийн байгууллагууд нь аж ахуйн нэгжтэй аль болох хамтран ажиллаж нийгмийн хэв журам, амгалан тайван байдлыг хангаж тэдний ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.

2.4.Сумын Засаг дарга энэхүү журмын хэрэгжилтийг хангуулан ажиллаж үр дүнгийн талаарх мэдээллийг хагас жил тутамд ирүүлнэ.

2.5.Нэгэнт зөвшөөрөл олгох хүсэлтээ ирүүлж тусгай зөвшөөрөл олгуулсан сумын Засаг дарга хугацаанаас нь өмнө тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал ирүүлэхээс аль болох татгалзаж,сумандаа аж ахуйн нэгжийн холбогдох  зөрчлийг нь арилгуулах арга хэмжээ авах зарчмыг баримтална.

2.6.Аялал жуулчлалыг хөгжүүлэх, ирсэн зочид төлөөлөгчдийн ая тухтай нөхцөлийг хангах, үйлчилгээг өргөжүүлж аль болох хууль бус цагийн хязгаарлалт тавьж бизнесийн байгууллагад хүндрэл учруулахгүй байхад төрийн байгууллагууд анхаарч санаачилга гарган, бүтээлчээр ажиллана.

2.7. Архинд донтох өвчтэй иргэдийг эмчлүүлэх, эрүүлжүүлэх, нийгэмшүүлэхтэй холбоотой ажлыг холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжтэй хамтран шийдвэрлэх асуудлыг хариуцан зохион байгуулна.

 

Гурав. Аж ахуйн нэгжийн хүлээх үүрэг

 3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хүсэгч аж ахуй нэгжүүд дараах үүргийг хүлээнэ.Үүнд:

3.1. Худалдаа, үйлчилгээ эрхлэгч нь өөрийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, стандарт, аймгийн нутаг дэвсгэрт нийтээр дагаж мөрдүүлэхээр гарсан дүрэм, журам, төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас гаргасан шийдвэрийг чанд биелүүлж ажиллана;

3.2. Хүсэлт гаргагч нь шинээр үйл ажиллагаа эхлүүлэх, хөрөнгө оруулалт хийхийн өмнө аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Стандарт, хэмжилзүйн хэлтэс болон бусад мэргэжлийн байгууллагуудаас сургалт,  зөвлөгөө авсан байна;

3.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тавигдсан шаардлагын дагуу өөрийн объектыг бэлтгэнэ;

3.4. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасан хориглосон газарт байршаагүй байна; /сургууль, цэцэрлэг, орон сууц,.... г.м/

3.5. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн объектын баталгаажсан эдэлбэр газраас гадна сумын Засаг даргын Тамгын газраас хариуцуулсан нийтийн эзэмшлийн зам талбай ногоон байгууламж, явган хүний замын хог, цас, мөсийг тогтмол цэвэрлэж халтиргаа, гулгаа орчны бохирдол үүсгэхгүй байхад анхаарч ажиллана;

3.6. Тусгай зөвшөөрөл хүсэгч нь журмын 4.1-т заасан баримт бичгийг үнэн зөв бүрдүүлнэ;

3.7. Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж нь зөвшөөрөлд заагдсан байршил, спиртийн агууламжийн төрлийн дагуу стандартын шаардлага хангасан худалдаа, үйлчилгээ эрхлэн явуулна;

3.8. Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн үйлчилгээ нь “Хэрэглэгч хаан” гэсэн зарчимд тулгуурлан хэрэглэгч нэг бүрт хандсан үйлчилгээний соёлыг нэвтрүүлж  ажиллана;

 

Дөрөв.Аж ахуйн нэгжид тавигдах шаардлага

 4.1.Тусгай зөвшөөрөл хүсэгч, эзэмшигчаж ахуйн нэгж нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

4.1.1.Тусгай зөвшөөрөлтэй цэг нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, стандартын дагуу баригдсан барилга байгууламж, хөдөлмөрийн эрүүл ахуйн, техникийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал, технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн үндсэн шаардлага хангасан байранд үйл ажиллагаа явуулах;

4.1.2.Мэргэжлийн хяналтын газарт бүртгүүлэн эрсдэлийн үнэлгээ хийх, нэрийн болон агуулахын худалдаанаас бусад худалдааны цэгт согтууруулах ундаа нь худалдаалж буй бүтээгдэхүүнийх нь 15 хувиас хэтрэхгүй байх;

4.1.3.ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулсан байх;

4.1.4.үйл ажиллагааны төрлөөс хамаарч холбогдох стандартын шаардлагыг 90-ээс дээш хувь хангасан байх;

4.1.5.ажлын байр, бүтээгдэхүүн, үйлчилгээ нь “Тохирлын гэрчилгээ”-ээр баталгаажсан байх;

4.1.6.аймгийн Татварын хэлтэст татвар төлөгчөөр бүртгүүлж ногдуулсан татварыг хугацаанд нь төлж, НӨАТ-ын /Е-баримт/ баримт олгодог байх;

4.1.7.сумын Засаг даргын Тамгын газартай худалдаа үйлчилгээ эрхлэх болон аймаг, сумын нийтийн аж ахуйн үйлчилгээний газартай хог хаягдлын гэрээг тус тус байгуулан хамтран ажилладаг байх;

4.1.8. Дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байх. Үүнд:

4.1.8.1. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр

А. ресторан /зоогийн газар/

Б. баар /караоке баар, диско баар... гэх мэт/

В. кафе /.......,.../

4.1.8.2. Худалдааны чиглэлээр

А.хүнсний дэлгүүр

Б. мини маркет

В. супермаркет

Г. хайпермаркет

Д. Бөөний төв

Е. Агуулах худалдаа

4.1.9.хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх зориулалтын тохижилт хийгдсэн байх;

4.1.10.Монгол Улсын барилга, орон сууц, гудамж талбайд тавих хяналтын камер, ерөнхий шаардлага MNS 6423:2013 стандартад нийцсэн телекамерийн системээр тоноглогдсон, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхэд харуул хамгаалалттай байх;

4.1.11.үндсэн ажилтан нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан, нийгмийн даатгал төлдөг, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлөөр хангагдсан, харилцааны өндөр соёлтой, мэргэжлийн үнэмлэхтэй, эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан, ажилтны нэр бүхий энгэрийн тэмдэг, нэрийн хуудас, иж бүрэн хувцас /халат, малгай, хормогч ... г.м/-тай  байх;

4.1.12.баталгаажсан хэмжих хэрэгсэл ашиглах, бүтээгдэхүүнийг худалдан авагчдад савлан өгч үйлчилгээний талоныг дагалдуулдаг байх;

4.1.13.гадна хаягийг өөрийн нэр, лого,цагийн хуваарийг монгол хэл дээр кирилл үсгээр  бичиж, харагдахуйц байршуулсан орчин үеийн шаардлага, стандартад нийцүүлсэн гэрэл бүхий хаягтай байх;

4.1.14.гадна гэрэлтүүлгийг объектоос 10-20 метрт байгаа эд зүйл харагдах, камерийн бичлэгт орж байхаар суурилуулж, зориулалтын хогийн савыг шаардлагатай газруудад байршуулсан байх;

4.1.15.тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах, осолгарахаас урьдчилан сэргийлэх, автозогсоолын асуудлыг сумын Засаг даргын Тамгын газартай зөвшилцөн боломжит газарт шийдвэрлэсэн байх;

4.1.16.гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор анхааруулга, сэрэмжлүүлэг, холбогдох хууль, журмыг мэдээллийн самбарт байршуулан сурталчилдаг байх;

 

Тав. Бүрдүүлэх баримт бичиг

 

5. Тусгай зөвшөөрөл хүсэгч дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

5.1.тусгай зөвшөөрөл хүссэн албан бичиг /үйл ажиллагааны төрөл, оноосон нэр, байршил, хаяг, харилцах утас, цахим хаяг,  факсыг тодорхой тусгах/;

5.2. Захирлын иргэний үнэмлэхний баталгаажсан хуулбар;

5.3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

5.4.тохирлын гэрчилгээний хуулбар;

5.5.галын аюулгүй байдлын дүгнэлтийн хуулбар;

5.6. Татварын хэлтсийн тодорхойлолт, хүсэлт гаргасан өдөр хэвлэсэн Е баримтын хуулбар;

5.7.үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, барилгын схем зураг /гараар зурсан байж болно/-т худалдаа, үйлчилгээ явуулах  танхимын зохион байгуулалтыг тодорхой харуулсан байх;

5.8. гадна, дотор тохижилтын фото зураг /гэрэлтүүлэг, хяналтын камер байршуулсан,  дэлгэц ажиллаж байх үеийн, кассын машин, танхим, гал тогоо, агуулах, гадна хаяг, автозогсоол, объектын 4 тал, хогийн цэгийг бүрэн харуулсан байх/;

5.9. Цагдаагийн байгууллагын санал /Үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор холбогдох стандартын шаардлагад нийцсэн дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулсан эсэх/;

5.10.сумын Засаг даргын санал;

 

Зургаа. Тусгай зөвшөөрөл шинээр олгох, сунгах

 6.1.Аж ахуйн нэгж нь тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг аймгийн Засаг даргад гаргах ба 5.1-т заасан баримт бичгийн хамт ирүүлнэ.

6.2.Холбогдох хууль тогтоомж, стандарт болон энэ журмын 4.1-т заасан шаардлагыг хангасан аж ахуйн нэгжид аймгийн Засаг даргын шийдвэрээр 2 жилийн хугацаатайгаар тусгай зөвшөөрөл олгох буюу тус хугацаагаар сунгана. 

6.3. Нэг объектод үйл ажиллагаа явуулж буй газрууд нь стандартад заагдсан ангилал, барилгын давхар, үйлчилгээний хэсгийн байршлаас хамаарч тусгай зөвшөөрлийг олгоно.

6.4. Тусгай зөвшөөрөл олгох, сунгах шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан улсын тэмдэгтийн хураамж төлнө.

6.5.Улирлын чанартай үйлчилгээ болон шаардлагатай тохиолдолд олон нийтийг хамарсан арга хэмжээнд спиртийн сул агууламжтай согтууруулах ундааны тусгай зөвшөөрлийг түр хугацаагаар энэ журмын 4.1-5.1-т заасны дагуу олгоно.

6.6.Тусгай зөвшөөрөл шинээр олгох, сунгах тухай аймгийн Засаг даргын шийдвэр нь гэрчилгээгээр баталгаажна.

6.7.Нэг аж ахуйн нэгжийн нэр дээр 3-аас дээш цэгт зөвшөөрөл олгохгүй ба цэгийн тоог олгохдоо холбогдох стандарт, энэ журмын 4.1.8-д заасан ангилал, зэрэглэл, барилгын давхар, үйлчилгээний төрлийг нь харгалзан шийдвэрлэнэ.

6.8.Хүсэлт гаргагч нь урьд нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байх хугацаандаа аливаа зөрчил дутагдал гаргасны улмаас тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон бол тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш 1 жилийн дотор дахин хүсэлт хүлээн авахгүй.

6.9.Худалдаа, үйлчилгээ үзүүлэх тав тухтай орчин бүрдүүлсэн эсэх, урьд нь гарсан зөрчил дутагдлаа тухай бүрд зассан эсэх нь хугацаа сунгахад онцгой нөлөөлнө. 

6.10.Тусгай зөвшөөрөл шинээр олгох, сунгахтай холбоотой гаргасан маргаантай асуудлыг 15 хоногийн дотор, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг хугацаа дуусахаас 15 хоногийн өмнө аймгийн Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ.

6.11.Хүсэлт ирүүлснээс хойш 15 хоногийн дотор аймгийн Засаг дарга тусгай зөвшөөрөл шинээр олгох, сунгах асуудлыг шийдвэрлэх ба шаардлагатай тохиолдолд хугацааг сунган холбогдох мэргэжлийн байгууллагаар нягтлуулах, магадлан шинжилгээ хийлгэх, сонгон шалгаруулах байдлаар шийдвэрлэж болно.

6.12.Тусгай зөвшөөрөл олгосон тухай шийдвэрийг ажлын 3 өдөрт багтаан аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Татварын хэлтэс, Стандарт, хэмжилзүйн хэлтэс болон сумдын Засаг дарга нарт хүргүүлэх ба www.Dornogovi.gov.mn цахим сайтад байршуулна.

 

Долоо. Тусгай зөвшөөрөл шинээр олгох, хугацааг сунгахаас татгалзах

 7.1. Дараах тохиолдолд тусгай зөвшөөрөл шинээр олгох болон хугацааг сунгахаас татгалзана.

7.1.1.холбогдох хууль тогтоомж, стандарт болон энэ журмын 4.1-т заасан шаардлагыг хангаагүй;

7.1.2.иргэн, аж ахуйн нэгжээс 2 ба түүнээс дээш гомдол гаргасан, тэр нь үндэслэлтэй болох нь тогтоогдсон;

7.1.3.харьяалах татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, татварын өртэй, санхүүгийн тайланг хуулийн хугацаанд тайлагнаагүй, орлогоо нуун дарагдуулсан нь нотлогдсон;

7.1.4.тусгай зөвшөөрөл эзэмшиж байх хугацаандаа хотын өнгө үзэмжид нийцэх шаардлагатай өөрчлөлт, засвар шинэчлэлт хийгээгүй;

7.1.5.тухайн аж ахуйн нэгжийн нэр дээр бүртгэлтэй тусгай зөвшөөрөлтэй цэгийн тоо 3 хүрсэн эсвэл сумын төвийн хуулиар тогтоосон насны хүн амын тоонд харьцуулан баталсан нормативтыг харгалзан шийдвэрлэх;

7.1.6.худалдаа, үйлчилгээ эрхлэх тав тухтай орчин бүрдүүлээгүй, нийтийн эзэмшлийн талбай, авто зам, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй байрлалтай, зөвхөн компанийн эрх ашгийг урьтал болгосон;

7.1.7.жилд 1-ээс дээшгүй удаа архи, тамхины хор уршиг сурталчлах ажилд оролцоогүй, оролцохоос татгалзсан;

7.1.8.аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг, мэргэжлийн байгууллагын төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтаас санаатайгаар болон тодорхойгүй шалтгаанаар зайлсхийсэн, түүнийг нь ажлын хэсгийн гишүүд болон тухайн сумын удирдлага, хариуцсан мэргэжилтэн, хөндлөнгийн гэрч баталгаажуулсан;

7.1.9.тусгай зөвшөөрөл шинээр авах, сунгуулахад хуурамч бичиг баримт бүрдүүлэн ирүүлсэн, тэр нь үндэслэлтэй болох нь тогтоогдсон;

7.2. Тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан тохиолдолд албан бичгээр хариу хүргүүлнэ.

 

Найм.  Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх

 8.1. Тусгай зөвшөөрлийг дараах тохиолдолд түдгэлзүүлэх шийдвэр гаргаж тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэнэ.

8.1.1.тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл, шаардлагыг зөрчсөн болох нь аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг, Цагдаагийн газар, холбогдох мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтаар илэрсэн тухай санал, дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг 3 хүртэлх сарын хугацаатайгаар түдгэлзүүлнэ;.

8.1.2.үйлчилгээний соёл, ёс зүйн алдаа гаргасан, ажилчдынхаа мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авах шаардлагатай тохиолдолд;

8.1.3. аймгийн онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан гаргасан захирамж, шийдвэрийг зөрчсөн тохиолдолд;

8.1.4.энэ журмын 4.1-т заасан шаардлагыг хангаагүй үйл ажиллагаа явуулсан тохиолдолд;

8.2. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн шийдвэрийн талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч болон аймгийн татварын албанд 3 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ.

 

 Ес. Тусгай зөвшөөрлийн эрх сэргээх

 

9.1. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх шийдвэр гарснаас хойш зөрчил дутагдлыг бүрэн арилгасан болох нь холбогдох мэргэжлийн байгууллагын санал, дүгнэлтээр баталгаажих хүртэлх хугацаанд аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг сэргээх асуудлыг хүлээн авахгүй.

9.2. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаж энэ журмын 5.1-д заасан бичиг баримтыг бүрдүүлэн хүсэлт гаргасан аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хэрхэн олгох асуудлыг аймгийн Засаг дарга 15 хоногийн дотор шийдвэрлэнэ.

                                                  

Арав. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох

 10.Дараах тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.

10.1.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйл, энэ журмын 3.1.7, 6.4, 7.1.8, 7.1.9 дэх заалт болон 11.1-т тусгагдсан хориглосон үйл ажиллагаа явуулах,тусгай зөвшөөрлийг бусдад /өөрийн охин компанид/ шилжүүлсэн, түрээслүүлсэн, худалдсан, хуулийн этгээдийн болон эзэмшигчийн нэрээхүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өөрчилсөн, урьдчилан мэдэгдэхгүйгээр байршил өөрчилсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно;

10.2.холбогдох хууль тогтоомж, стандартын шаардлага бүрэн хангаагүй, энэ журам болон тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн болох нь тогтоогдсон, мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын үндэслэл бүхий санал, дүгнэлт гарсан;

10.3.Хүнсний тухай хуулийн 10, 12 дугаар зүйл, Эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн холбогдох заалтыг зөрчсөн, зөрчил гаргасан нь батлагдсан;

10.4.тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж нь 3 хүртэлх сар үйл ажиллагаа явуулаагүй /улирлын чанартай үйл ажиллагаатай жуулчны баазад хамаарахгүй/;

10.5.тусгай зөвшөөрөл шинээр авах, сунгуулахаар ирүүлсэн хүсэлтэд хуурамч бичиг баримт бүрдүүлэн ирүүлсэн нь нотлогдсон;

10.6.Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийг зөрчсөн,  насанд хүрээгүй хүн хууль бусаар ажиллуулсан, үйлчилсэн болох нь тогтоогдсон;

10.7.аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан үндэслэл, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн зөрчил бүрийг тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн гэж үзэн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно;

 

Арван нэг.Аж ахуйн нэгжид дараах зүйлсийг хориглоно.

 11. Тусгай зөвшөөрөлтэй газарт Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.5, 8.6,8.7-д зааснаас гадна дараах үйл ажиллагааг хориглоно. Үүнд:

11.1.тусгай зөвшөөрлийг хувилж олшруулах, өөр ажлын байранд шилжүүлэх, бусдад ашиглуулах, түрээслүүлэх, худалдах, урьдчилан мэдэгдэхгүй байршлаа өөрчлөх;

11.2.нийтийн зориулалттай орон сууцны зориулалтаар тохижуулсан хэсэгт үйл ажиллагаа явуулдаг бол Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 17 дугаар зүйлийн 17.1.7 заасны дагуу орон сууцны барилгын үндсэн хийц, бүтцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийх, 40 дцб-ээс их хэмжээний дуу чимээ гаргах;

11.3.тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах тогтоосон цагийн хязгаарыг зөрчих;

11.4.зориулалтын дагуу тохижуулаагүй, барилгын гадна ил задгай талбай, зөвшөөрөлтэйгээс бусад цэгт үйл ажиллагаа явуулах;

11.5.улсын техникийн зохицуулалт, стандартын шаардлага хангаагүй, чанар аюулгүй байдлыг баталгаажуулаагүй, тохирлын гэрчилгээ аваагүй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх;

11.6.тусгай зөвшөөрөл аваагүй аж ахуйн нэгж,иргэн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх;

11.7.тусгай зөвшөөрлийг эзэмших хуулийн хугацаа дууссан болон түдгэлзүүлэх, хүчингүй болгох шийдвэр гарсан өдрөөс эхлэн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх;

11.8.аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөл авах шаардлагатай үйл ажиллагааг зөвшөөрөлгүй цэгт явуулах;

11.9.тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан улсын тэмдэгтийн хураамж төлөнгэрчилгээгээр баталгаажаагүй, гэрчилгээ байршуулаагүй цэгт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаа явуулах;

11.10.хууль тогтоомжоор хориглосон бусад үйл ажиллагаа;

 

 Арван хоёр. Хяналт

 

12.1. Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд бүх шатны Засаг дарга, аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар хяналт тавина.

12.2.Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд холбогдох мэргэжлийн байгууллагууд нь энэ журмын зүйл, заалт, чиглэлийн дагуу болон төлөвлөгөөт хяналт шалгалт хийж гарсан зөрчлийн талаарх санал дүгнэлтийг аймгийн Засаг даргад ирүүлэн шийдвэр гаргуулна.

12.3.Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн ажиллах цагийн хуваарь зөрчсөн, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсантай холбоотой зөрчлийн талаар нотлох баримтыг сумын Засаг дарга, Цагдаагийн газар,Мэргэжлийн хяналтын газар аймгийн Засаг даргад хүргүүлэн шийдвэрлүүлнэ.

12.4. Цагдаагийн газар, мэргэжлийн байгууллагууд нь үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хязгаарлах, согтууруулах ундаанаас өөр төрлийн үйлчилгээ /аялал жуулчлалаар ирсэн зочдыг угтаж хооллох, жуулчдын эрүүл хүнс худалдан авах .... г.м/ үзүүлэхэд нь үүд хаалгыг цоожлох, хаах зэрэг хуулиар олгогдоогүй таслан сэргийлэх үйл ажиллагаа явуулах эрхээр хангагдахгүй.

 

Арван гурав. Хариуцлага

13.1.Тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой гарсан маргааныг аймгийн Засаг дарга 10 хоногийн дотор шийдвэрлэх ба шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.

13.2.Хууль тогтоомжийг зөрчсөн аж ахуйн нэгж, байгууллага нь Зөрчлийн тухай хууль, Хүнсний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль,  Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Стандартчилал тохирлын үнэлгээний тухай хууль, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль, Татварын ерөнхий хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

13.3. Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг жилд 1-ээс дээш удаа тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ба ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн аймгийн Засаг дарга холбогдох шийдвэрийг гаргана.

13.4. Тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой мэргэжлийн байгууллагын тодорхойлолт болон бусад мэдээллийг хууль бусаар гаргасан, хувийн ашиг сонирхлын зөрчилтэй мэдээллийг аймгийн Засаг даргад ирүүлсэн нь тогтоогдвол тухайн төрийн албан хаагчид холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцуулах саналыг түүний удирдах албан тушаалтанд хүргүүлнэ.

13.5. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4,5 дугаар зүйлийн 5.9, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3 дахь заалтыг зөрчсөн нь тогтоогдож согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд дахин 2 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөл олгохгүй.

13.6.Энэ журмыг зөрчсөн этгээдэд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

Арван дөрөв. Бусад

 

14.1. Энэхүү журам нь Захиргааны ерөнхий хуулийн 64-67 дугаар зүйлүүдэд заасан шаардлагуудыг хангаснаар хүчин төгөлдөр үйлчлэх ба журамд аймгийн Засаг даргаас аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд санал оруулснаар  аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр нэмэлт өөрчлөлт оруулж болно.

14.2. Нэмэлт өөрчлөлт нь энэхүү журмын 14.1 дэх заалтад тусгагдсан нөхцөлийг хангаснаар  хүчин төгөлдөр үйлчилнэ.

 

 

 

-оОо-

 

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ