“ТҮНШЛЭЛ БА ХӨГЖИЛ” БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ АЙМГИЙН ЗОРИЛТОТ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

“ТҮНШЛЭЛ БА ХӨГЖИЛ” БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ

ДЭМЖИХ АЙМГИЙН ЗОРИЛТОТ ХӨТӨЛБӨРИЙГ

ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1.Бүс нутгийн онцлог, дэд бүтцийн давуу тал, түүхий эдийн нөөцөд тулгуурлан бичил, жижиг, дунд үйлдвэр, худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийг тогтвортой хөгжүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээний цар хүрээг өргөжүүлэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл, хэмжээ, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортод чиглэсэн нутгийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгоход чиглэсэн “Түншлэл ба хөгжил” бизнес эрхлэгчдийг дэмжих аймгийн зорилтот хөтөлбөр (цаашид “хөтөлбөр” гэх)-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, дотоодын бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж (цаашид “бизнес эрхлэгч” гэх)-үүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хяналт тавихтай холбогдон үүсэх харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2.Зах зээлийн эрэлт, хэрэгцээ, шаардлагыг үндэслэн салбарын хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх, “иргэнээс-бичилд, бичлээс-жижигт, жижигээс-дундруу” ангилалд шилжин хөгжихөд бизнес эрхлэгчдэд нэн шаардлагатай сургалт, давтан сургах зэрэг нөлөөллийн ажил болон хөтөлбөрийн хэрэгжилтэд явц, гүйцэтгэлийн хяналт шалгалтыг санхүүжүүлэн зохион байгуулах

1.3.Инноваци, техник технологийн шинэчлэл хийхээр төлөвлөж буй бизнес эрхлэгчид мэргэжлийн экспертүүдээс бүрдсэн бизнесийн зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх бүтцийг бий болгох

1.4.Хувийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хийж ажлын байр бий болгосон,  бизнесийн ангилал ахисан бизнес эрхлэгчийн санал санаачлагыг урамшуулах, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулах

1.5.Хорших, хамтрах үйл явцыг дэмжих замаар үйлдвэрлэл, борлуулалтын гинжин холбоо, нэмүү өртгийн сүлжээ, кластерийн зохион байгуулалтыг бий болгох

1.6.Бизнес эрхлэгчдэд зориулж урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох.

1.6.1.Зээлийн эх үүсвэрийг тухайн жилийн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар уг хөтөлбөрийн хэрэгжүүлэх зориулалтаар батласан төсвөөс олгох ба энэхүү хөрөнгө оруулалт нь аймгийн урт, дунд хугацааны бодлогын баримт бичигт бизнесийн салбарыг тогтвортой хөгжүүлэхээр тусгагдсан бодлогыг зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ.

1.6.2.Уг хөтөлбөрийн хүрээнд олгох хөнгөлөлттэй зээлд зөвхөн Дорноговь аймагт бүртгэлтэй, 14 сумын нутагт байнга байрлан үйл ажиллагаа эрхлэн ашиг олох зорилго бүхий бизнес эрхлэгчид хамрагдах эрхтэй.

1.6.3.Санхүүгийн дэмжлэг хүсч ирүүлсэн бизнес эрхлэгчдийн төслийг улс, орон нутгийн урт, дунд хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан уг журмын хүрээнд сонгон шалгаруулах, шийдвэр гаргах, хяналт тавих үүрэг бүхий “Хороо” ажиллана.  Хороог аймгийн Засаг даргын захирамжаар байгуулна.

1.6.4.Хороо нь хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, бизнес эрхлэгчдэд урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төслийг сонгон шалгаруулахад уг журмыг мөрдөхийн зэрэгцээ доор дурдсан зарчмыг баримтална.

1.6.4.1.Сумдад эдийн засгийн шинэ бүтэц бий болгохуйц, аймгийн Аж үйлдвэр хөгжлийн стратеги төлөвлөгөөнд тусгагдсан загвар /модель/ төслүүдийг нэн тэргүүнд санхүүжүүлэх (хоршоо, нөхөрлөлд тулгууран кластерын системээр ажиллах)

1.6.4.2.Техник, технологийн дэвшлийг дамжуулах, нутагшуулах, шинжлэх ухаан, технологийн судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх

1.6.4.3.Гадаад, дотоод зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахад дэмжлэг үзүүлэх

1.6.4.4.Бизнес эрхлэгчдийг дэмжих, бойжуулах ажлыг аймгийн бизнесийн тэргүүлэх чиглэлээр ажиллаж буй залуучууд, эмэгтэйчүүд гэх мэт зорилтот бүлгийг дэмжих, тэднийг бизнес эрхлэхэд таатай дэд бүтцийн орчин бүрдүүлэхэд чиглүүлэх

1.6.4.5.Шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх

1.6.4.6.Хот-хөдөөгийн хөгжлийн ялгаатай байдлыг бууруулахад чиглэсэн орон нутагт нэн шаардлагатай үйлчилгээ, шинэ соёлыг нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх

1.6.4.7.Ил тод байх, иргэдийг мэдээллээр хангах

1.7. Дараах тохиолдолд хөнгөлөлттэй зээл олгохгүй: 

1.7.1.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 23.6-д заасан болон Сум хөгжүүлэх санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй;

1.7.2.Сангаас авсан зээлээ төлсөн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй;

1.7.3.Монголбанкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй;

1.7.4.Төслийн нийт хөрөнгө оруулалтын тооцоололд өөрийн хөрөнгө оруулалт нь 30 хувьд хүрээгүй;

1.7.5.Хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд хортой технологи, материал  хэрэглэсэн, экологийн хохирол учруулсан нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон;

1.7.6.Тухайн төсөл болон төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрөөгүй;

1.7.7.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч болон шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг болон танилцуулдаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит компанийн захирлын албан тушаал эрхэлж байгаа хүн, эсхүл түүний гэр бүлийн гишүүд хувь эзэмшдэг бол;

1.7.8.Өөрийн эрхэлсэн бизнесийн сүүлийн нэг жилийн нэгтгэн тооцсон борлуулалтын орлого нь 2,5 тэрбум төгрөг болон түүнээс дээш бол;

1.7.9.Тухайн төслийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын тусгай сан болон аль нэг төрийн байгууллагаас урьд нь зээл, санхүүгийн аливаа дэмжлэг авсан боловч хэрэгжүүлээгүй нь баримтаар нотлогдсон; 

Хоёр. Хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэр,

хөнгөлөлттэй зээлийн нөхцөл

2.1.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилт нь тухайн жилийн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар уг хөтөлбөрийн хэрэгжүүлэх зориулалтаар батласан төсөв болон доорх эх үүсвэрүүдээс бүрдэнэ.

2.1.1.Улсын болон орон нутгийн төсөв;

2.1.2.Олон улсын байгууллага, гадаадын зээл, тусламж;

2.1.3.Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт;

2.1.4.Засгийн газрын тусгай сангийн хөрөнгө;

2.1.5.Хувийн хэвшил болон бусад эх үүсвэр;

2.1.6.Бизнес эрхлэгчдэд олгосон зээлийн эргэн төлөлтийн төлбөр;

2.1.7.Хугацаандаа төлөгдөөгүй зээлийн дүнд ногдуулсан алданги;

2.1.8. бусад;

2.2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх эх үүсвэрийг Төрийн сан дахь хөтөлбөр хэрэгжүүлэх зардлын дансанд төвлөрүүлнэ.

2.3.Хөтөлбөрийн хүрээнд бизнес эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээс бусад зардлыг тухай бүрд аймгийн Засаг даргын захирамжаар зарцуулна.

2.4.Төрийн сан дахь хөтөлбөр хэрэгжүүлэх зардлын дансанд байршуулсан орон нутгийн хөрөнгөөс төсөл сонгон шалгаруулалтыг журмын 3.2-т заасан хэмжээнд нийцүүлэн 1.6.3-т заасан хороо журмаар олгосон эрх, үүргийн хэмжээнд  зохион байгуулна.

2.5.Бизнес эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийг хорооны шийдвэрийг үндэслэн аймгийн Засаг даргын захирамж батлан хуваарийн дагуу төгрөгөөр олгоно.

2.6.Бизнес эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээл нь дараах нөхцөлтэй байна:

2.6.1.Хөнгөлөлттэй зээлийн хүүгийн хэмжээ жилийн 2 хувь;

2.6.2.Зээлийн хугацаа нь 60 хүртэл сар байна;

2.6.3.Зээлийн эргэн төлөлтийн нийт хугацааны эхний 12 сарын хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөнө;

2.6.4.Зээлийн эргэн төлөлтийн төлбөр нь сар эсхүл улирал бүр тэнцүү байна.

2.6.5.Зээлдэгч зээлийг зориулалтын дагуу зарцуулаагүй болох нь тогтоогдсон, мөн хуваарийн дагуу эргэн төлөлтийг хугацаандаа төлөөгүй бол зээлийн үлдэгдлээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 1 хувийн алданги ногдуулах ба зээлийн гэрээнд заавал тусгана;

2.6.6.Зээлийн гэрээг аймгийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалт, санхүүгийн асуудал хариуцсан нэгжүүд зээлдэгчтэй байгуулах ба аймгийн Засаг дарга батална.

2.6.7.Зээлийн хугацаа болон хүүг Төрийн сан дахь хөтөлбөр хэрэгжүүлэх зардлын данснаас зээлийн гүйлгээ хийсэн өдрөөс эхлэн тооцно.

2.7.Хөтөлбөрийн хүрээнд санхүүжүүлэх төсөл сонгон шалгаруулахтай холбоотой аливаа шимтгэл, хураамж авахыг хориглоно.

 

Гурав.Бизнес эрхлэгчдэд олгох

хөнгөлөлттэй зээлийн  хэлбэр, хэмжээ

 

3.1.Зээлийг хорооны шийдвэрийг үндэслэн гаргасан аймгийн Засаг даргын захирамжийн хүрээнд Төрийн сангаас шууд олгоно.

3.2.Бизнес эрхлэгчдэд олгох зээлийн доод хэмжээ 20,000,000 (хорин сая) төгрөг, дээд хэмжээ нь тухайн төслийн онцлог, орон нутгийн зах зээлийн багтаамж, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцэж буй эсэх, хэрэгжүүлэгчийн санхүү, хөрөнгө, хүний нөөцийн чадамж зэргийн үнэлгээнд тулгуурлан олгох ба төслийг бүрэн хэрэгжүүлэхэд хүрэлцэхүйц хэмжээнд санхүүжүүлэх чиглэлийг баримтлан ажиллана.

Дөрөв.Хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах,

хяналт тавих хорооны эрх, үүрэг

 

4.1.Хороо нь бизнес эрхлэгчдийн ирүүлсэн төслийг хуралдаанаар хэлэлцэх, сонгон шалгаруулах, холбогдох хууль, дүрэм, журам, зааврын дагуу шийдвэр гаргах эрхтэй.

4.2.Төсөл хүлээн авах хугацааг товлох, санхүүжүүлэх төслийн салбар, чиглэл, тавигдах шаардлагыг хорооны хурлаар хэлэлцэн тогтоох эрхтэй.

4.3.Төсөл сонгон шалгаруулах товыг урьд олгосон зээлийн эргэн төлөлт, тухайн жилийн батлагдсан эх үүсвэрийн хэмжээ зэргийг харгалзан баталсан аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэн хорооноос зарлан зохион байгуулах эрхтэй.

4.4.Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, гүйцэтгэлд хяналт шалгалт хийж, дүгнэлтийг аймгийн Засаг даргад хүргүүлэх үүрэгтэй.

4.5.Хорооны гишүүн нь ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаанд оролцох тухай бүрт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8.1-д заасан мэдэгдлийг гаргах, Албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөл бүрт албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай хорооны даргад мэдэгдэх үүрэгтэй

4.6.Хорооны гишүүд хурлын шийдвэр, зөвлөлдсөн асуудлын талаар бусдад задруулахгүй байх, үнэн зөв шалгаруулах, бусдад давуу байдал бий болгохгүй байх үүрэгтэй.

4.7.Хорооны гишүүн холбогдох хууль, дүрэм, журам, зааврыг мөрдөж ажиллах үүрэгтэй.

4.8.Хорооны дарга, нарийн бичгийн дарга нь олонхын шийдвэрийг баталгаажуулан хурлын шийдвэрт гарын үсэг зурах үүрэгтэй.

4.9.Хороо нь гаргасан шийдвэрээ болон хорооны гишүүд өгсөн үнэлгээг бүрэн хариуцах, хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй.

4.10.Хөтөлбөрөөс олгосон хөрөнгийг хугацаанд нь эргүүлэн төлөх эцсийн хугацаанд төлбөрийг төлөөгүй барьцааны зүйлийг хорооны шийдвэрийн дагуу үл маргах журмаар хураан авч захиран зарцуулах эрхтэй.

Тав.Хорооны бүрэлдэхүүн

 

5.1.Хорооны дарга, гишүүд, нарийн бичгийн даргаас бүрдсэн арваас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байна.

5.2.Хорооны бүрэлдэхүүнд аймаг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний асуудал хариуцсан байгууллагын дарга болон хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллагын төлөөлийг оролцуулах ба хорооны нарийн бичгийн даргаар аймгийн Засаг даргын Тамгын газрын худалдаа, үйлчилгээний салбар хариуцсан мэргэжилтэй ажиллана.

5.3.Хорооны бүрэлдэхүүнд төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагыг нээлттэй сонгон шалгаруулах бөгөөд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сүүлийн 3 жил үйл ажиллагаа явуулсан байна.

5.4.Хорооны бүрэлдэхүүнд тухайн жил хөнгөлөлттэй зээл олгохоор батлагдсан салбар, чиглэлд амжилттай бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл  оруулах бөгөөд төлөөлөл нь дараахь ерөнхий шаардлагыг хангасан байна:

5.4.1.Хорооны бүрэлдэхүүнд ажиллах төрийн бус байгууллага, бизнес эрхлэгчдийн төлөөлөл нь эдийн засаг, санхүү, бизнес, инженер, эрх зүйн чиглэлээр эзэмшсэн боловсролын зэрэгтэй байх;

5.4.2.Тухайн салбарт ажиллаж байсан эсхүл тухайн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлын туршлагатай;

5.4.3.Сүүлийн гурван жилд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан албан тушаал хашиж байгаагүй;

5.4.4.Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;

5.4.5.Шүүх, эрх бүхий байгууллагын шийдвэрээр бусдад төлөх төлбөргүй байх.

5.3.Хороо хуралдааны зарчмаар шийдвэр гаргах ба хорооны дарга, гишүүд нь хуралд тус бүр саналын нэг эрхтэй байна.

5.4.Хорооны гишүүдийн дийлэнх олонх ирснээр хурал хүчинтэйд тооцогдох ба хурлын явцыг дуу хураагуур, дүрс бичлэгт хуулах болон цаасан хэлбэрээр тэмдэглэл хөтөлж, хуралдаанд оролцсон гишүүдийн ердийн олонхын саналаар шийдвэр гаргана.

5.5.Хурлын тэмдэглэлд хуралд оролцсон бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.

5.6.Хорооны шийдвэр нь тухайн төсвийн жилдээ хүчин төгөлдөр байна.

5.7. Хороо нь өөрийн хуралдааны дэгийг батална.

5.8.Хорооны үйл ажиллагаатай холбоотой зардлыг тус хөтөлбөрийн зардлаас аймгийн Засаг даргын захирамжаар санхүүжүүлж болно.

5.9.Хороо нь төсөл сонгон шалгаруулалт зарлахаас шийдвэр гарах хүртэлх бүхий л үйл ажиллагааг хариуцна.

 

Зургаа.Төсөл сонгон шалгаруулалт зарлах

 

6.1.Төсөл сонгон шалгаруулах товыг урьд олгосон зээлийн эргэн төлөлт, тухайн жилийн батлагдсан эх үүсвэрийн хэмжээ зэргийг харгалзан баталсан аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэн хорооноос зарлан зохион байгуулна.

6.2.Хороо нь төсөл хүлээн авах зарыг өдөр тутмын мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх үүргийг хүлээнэ. Сумдын Засаг дарга нь энэхүү зарыг тухайн орон нутагт мэдээлэх үүргийг хүлээнэ. Төсөл хүлээн авах зард төсөл хүлээн авч эхлэх, дуусах хугацаа, байршил, цахим хаяг, зээлийн нөхцөл, холбоо барих утасны дугаар зэрэг мэдээллийг тусгасан байна. 

6.3.Төсөл хүлээн авах хугацааг төсөл сонгон шалгаруулах хорооны хурлаар тогтоох ба хуанлын 30-аас доошгүй хоног байна.

6.4.Хорооны гишүүдийн 50 хувиас дээш ирцтэйгээр хуралдсан хурлын шийдвэр хүчин төгөлдөрт тооцогдоно.  

6.5.Хөтөлбөрийг тухайн жилийн батлагдсан үйл ажиллагааны төлөвлөгөөний  дагуу хэрэгжүүлэх ба хөнгөлөлттэй зээлийн төсөл хүлээн авах хугацаа, санхүүжүүлэх төслийн салбар, чиглэл, тавигдах шаардлагыг хорооны хурлын шийдвэрийг үндэслэн аймгийн Засаг даргын захирамжаар батална.  

 

 

Долоо. Төслийн санал хүлээн авах

 

7.1.Бизнес эрхлэгч нь хэрэгжүүлэх төслийн саналаа тогтоосон хугацаанд энэ журмын 1.6.3-т заасан хороонд хүргүүлнэ.

7.2.Хороо нь тухайн орон нутагт хэрэгжих 20,000,000 (хорин сая) төгрөгөөс дээш төгрөгийн санхүүжилт хүссэн, тухайн орон нутгийн бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн төслийг цаасан хэлбэрээр хүлээн авна. 

7.3.Хороон нь хүлээн авсан материалыг төслийн нэгдсэн бүртгэлийн дэвтэрт бүртгэнэ.

7.4.Аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэн хорооноос төсөл хүлээн авах хугацаа зарлагдахаас бусад үед төсөл хүлээн авахгүй. 

 

 

Найм.Төсөл хэрэгжүүлэгч болон

санхүүжилт хүссэн төсөлд тавигдах

шаардлага, иж бүрдэл

 

8.1.Хөтөлбөрийн хүрээнд зээл авч, төсөл хэрэгжүүлэх бизнес эрхлэгч нь дараах шаардлагыг хангасан байна:

8.1.1.Орон нутагт бүртгэлтэй байх;

8.1.2.Тухайн төслийг хэрэгжүүлэхэд эзэмшсэн мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлагын хувьд нийцэж байх;

8.1.2.Монгол банкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх;

8.1.3.Зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай, барьцаа хөрөнгөтэй байх;

8.2.Бизнес эрхлэгчийн боловсруулсан төсөл дараах нийтлэг шалгуурыг хангасан байна:

8.2.1.Орон нутгийн бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршоог хөгжүүлэх бодлогын хүрээнд орон нутгийн нөөцөд түшиглэн үйлдвэрлэл, үйлчилгээг бий   болгох, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байх;

8.2.2.Төсөл нь Дорноговь аймгийн нутагт байнга байрлан хэрэгжих;

8.2.3.Төслийн хүрэх үр дүн, зорилт тодорхой байх;

8.2.4.Гэрээний хугацаанд зээлийг эргэн төлөх боломжтой байх;

8.2.5.Төслийн зээлийн мөнгөн дүнгийн 60 хувьд хүрэлцэхүйц барьцаа хөрөнгөтэй байх;

8.2.6.Хуулиар хориглоогүй барьцаа, батлан даалттай байх ба зээлийн барьцаа нь хөдлөх, үйл хөдлөх, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эхр байна. Барьцаалах хөрөнгийг зах зээлийн ханшаар үнэлэх ба нийт үнэлгээний 70 хувиар тооцно.

8.2.7.Төслийг хэрэгжүүлэх явцад учирч болзошгүй эрсдэлийг бодитой тодорхойлсон, даван туулах арга замыг тусгасан байх;

8.2.8.Ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэсэн байх;

8.2.9.Шинээр бизнес эрхлэгч нь тухайн төслийн салбартаа мэргэшсэн дадлага туршлагатай хүний нөөцтай байх;

8.2.10.Орон нутгийн бусад бизнес эрхлэгчдтэй үйл ажиллагаагаараа хорших, хамтрах үйл явцыг дэмжих замаар үйлдвэрлэл, борлуулалтын гинжин холбоо, нэмүү өртгийн сүлжээ, кластерийн зохион байгуулалтыг бий болгоход чиглэсэн байх;

8.3.Бизнес эрхлэгчийн боловсруулсан төсөл нь үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, хүний нөөцийн удирдлагын тухай мэдээлэл, зах зээлийн судалгаа, эдийн засгийн тооцоо, дүгнэлт, хавсралт гэсэн хэсгээс бүрдэх бөгөөд эхлэх, төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт сайжруулалт, дуусгавар болох хугацааг тодорхой заасан байна.

 

8.3.1.Төсөл хэрэгжүүлэгчийн тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана:

8.3.1.1.Зээлийн өргөдөл;

8.3.1.2.Төслийн товч агуулга;

8.3.1.3.Хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээдийн нэр;

           8.3.1.4.Төсөл хэрэгжүүлэх газар;

а.Үйлдвэр, үйлчилгээ, худалдаа эрхэлж буй хаяг байршил;

                 б. Иргэн, хуулийн этгээдийн албан ёсны хаяг;

                 в. Төсөл хэрэгжих байршил;

           8.3.2.Төслийн нийт хөрөнгө оруулалтын 30-аас доошгүй хувийг өөрийн эх үүсвэрээс бүрдүүлэхээр санхүүгийн тооцоололд тусгасан байх;

8.3.3.Үйлдвэрлэл, үйлчилгээ болон худалдах бүтээгдэхүүний нэр, төрөл, танилцуулга;

8.3.4. Одоогийн эрхэлж байгаа бизнесийн талаарх мэдээлэл;

8.3.5. Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагааны тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана:

8.3.5.1.Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны технологийн ажиллагаа; 

           8.3.5.2.Түүхий эдийн чанарын үзүүлэлт, нөөц;

           8.3.5.3.Үйлдвэрлэлийн хүчин чадал;

           8.3.5.4. Хэрэгжүүлэх төсөлд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт;

8.3.6.Удирдлага зохион байгуулалт болон хүний нөөцийн удирдлагын тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана:

           8.3.6.1.Төсөл хэрэгжүүлэгч (дарга)-ийн мэргэжил, мэргэшил, ур чадвар;

8.3.6.2.Бүтэц, орон тоо;

           8.3.6.3.Ажиллагсдын мэргэжил, мэргэшил, ур чадвар;

           8.3.6.4.Шинээр бий болгох ажлын байрны тоо;

8.3.7.Зах зээлийн судалгаанд дараах мэдээллийг тусгана:

           8.3.7.1.Зах зээлийн судалгаа;

           8.3.7.2.Хэрэглэгчийн судалгаа;

           8.3.7.3.Гадаад, дотоод орчны (SWOT) шинжилгээ;

8.3.8.Эдийн засгийн тооцоонд дараах мэдээллийг тусгана:

           8.3.8.1.Үндсэн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний нийт орлого;

           8.3.8.2.Төслийн борлуулалтын орлогын тооцоо;

           8.3.8.3.Үйлдвэрлэлийн зардлын тооцоо;

            8.3.8.4.Бүтээгдэхүүний өртгийн тооцоо;

           8.3.8.5.Бүтээгдэхүүний борлуулалтын төлөвлөгөө;

           8.3.8.6.Үйлдвэр, үйлчилгээ, худалдааны үр ашгийн тооцоо;

           8.3.8.7.Төслийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалд хамрагдах тооцоо;

           8.3.8.8.Хөрөнгө оруулалтын тооцоо (өөрийн хөрөнгө оруулалтын хэмжээ, зээлийн зарцуулалтын тооцоо);

           8.3.8.9.Төслийн өгөөж, хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа;

8.4.Шинээр бизнес эхэлж байгаа тохиолдолд энэ журмын 8.3.4 дахь заалт хамаарахгүй.

8.5.Төслийн дүгнэлтэд энэ журмын 8.3.6-8.3.8-д заасан тооцоо судалгаанд үндэслэн төсөл хэрэгжүүлснээр гарах үр дүн, эрсдэл зэргийг тооцоолсон мэдээллийг тусгана.

8.6.Бизнес эрхлэгч төсөлд дараах материалуудыг хавсаргасан байна:

8.6.1.Зээлийн өргөдөл (Хорооноос баталсан загварын дагуу);

8.6.2.Захирал (төсөл хэрэгжүүлэгч)-ын иргэний үнэмлэхийн хуулбар;

8.6.3.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;

8.6.4.Хуулийн этгээдийн хаягийн тодорхойлолт, үүсгэн байгуулагчийн дэлгэрэнгүй лавлагаа;

8.6.5.Барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрээ, кадастрын зургийн хуулбар;

8.6.6.Хэрэв зээлийн хэвийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны баталгаажсан хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар;

8.6.7.Сүүлийн жилийн санхүүгийн баталгаажсан тайлан (хэрэв жилийн дотор байгуулагдсан бол байгуулагдсанаас хойших санхүүгийн баталгаажсан тайлан, шинээр үүсгэн байгуулагдсан бол эхлэлтийн баланс);

8.6.8.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тухай тухайн жилийн тодорхойлолт;

8.6.9.Нийгмийн даатгалд хамруулсан ажилтны тоо, төлж байгаа шимтгэлийн хэмжээ болон нийгмийн даатгалын байгууллагад хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх тодорхойлолт;

8.6.10.Төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт;

8.6.11.Төлсөн татварын хэмжээ болон татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх харьяа татварын албаны тодорхойлолт;

8.6.12.Тухайн төсөл болон төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрснийг илэрхийлсэн мэдэгдэл (Хорооноос батласан загварын дагуу)

8.6.13.Төсөл, түүнд хавсаргасан материалын үнэн зөв байдлыг төсөл ирүүлэгч бизнес эрхлэгч бүрэн хариуцна.

8.6.14.Бизнес эрхлэгч нь төслийн санхүүжилт авснаас хойш 45 хоногийн дотор үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.

8.6.15.Бизнес эрхлэгч нь хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр ирүүлсэн төслийн зээлийг бүрэн төлж дуусаагүй байх үед давхардуулан дахин төслийн зээл авахгүй байх.

8.7.16.Төслийг хэрэгжүүлэх нийт хугцаанд барьцаа хөрөнгийн чанарын байдал, үнэлгээ буурсан тохиолдолд аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүүгийн асуудал хариуцсан нэгжийн саналыг үндэслэн хорооноос гаргасан шийдвэрийн дагуу нэмж хөрөнгө барьцаалуулна.  

8.6.17.Төсөл бүрэн хэрэгжүүлэх баталгаа.


 

Ес. Төсөл сонгон шалгаруулах, үе шат

 

9.1.Зээл авахаар хүсэлт ирүүлсэн бизнес эрхлэгчийн бизнес төлөвлөгөөгөө танилцуулах, түүнийг сонгон шалгаруулах, үнэлэх үйл явцыг олон нийтэд ил тод, нээлттэй зохион байгуулна.

9.2.Төсөл сонгон шалгаруулах хороо нь энэ журмын 8.1-8.6-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянаж, хорооны хурлаар батласан үнэлгээний хуудсын дагуу хорооны гишүүн тус бүр оноогоор дүгнэн, дундаж оноогоор эрэмбэлэн жагсаалт батална. Энэхүү шийдвэрээ ажлын 3 хоногийн дотор аймгийн Засаг даргад хүргүүлнэ.

9.3.Төсөл сонгон шалгаруулах хорооны шийдвэрийг аймгийн Засаг дарга хүлээн авч баталгаажуулан, эрэмбэлсэн жагсаалтын дагуу захирамж гарган санхүүжүүлнэ.

9.4.Хөтөлбөрөөс олгох зээлийн төсөл сонгон шалгаруулалтыг дараах 4 үе шаттайгаар үнэлнэ:

9.4.1.Төслийн иж бүрдлийг хорооны нарийн бичгийн дарга, 3-аас доошгүй хорооны гишүүн шалгах ба иж бүрдлийг бүрэн хангасан төслийг дараагийн шатанд шилжүүлэх;

9.4.2.Төслийн урьдчилсан судалгааг хорооны нарийн бичгийн дарга, 6-аас доошгүй хорооны гишүүн хийж, 100 хүртэл оноогоор дүгнэх ба гишүүдийн үнэлсэн онооны дундаж 70-аас дээш авсан төслийг дараагийн шатанд шилжүүлэх;

9.4.3.Төслийг хорооны хурлаар хэлэлцэж, гишүүн тус бүр 100 хүртэл оноогоор дүгнэн, дундаж оноог гаргах.

9.4.4.Хороо нь үе шат бүрт  авсан онооны нийлбэрээр ихээс бага руу эрэмбэлэн жагсаалт гаргаж, хөтөлбөрийн хүрээнд хөнгөлөлттэй зээлд зарцуулахаар зөвшөөрөгдсөн эх үүсвэрт багтаан тэргүүн ээлжинд санхүүжүүлэх төслүүдийн болон эх үүсвэр үлдсэн тохиолдолд санхүүжүүлэх төслүүдийн жагсаалтыг тус тус батална.

9.4.5.Хорооны шийдвэрийг эрэмбэлсэн жагсаалтын хамт ажлын 5 хоногт багтаан тухайн аймгийн Засаг даргад хүргүүлнэ.

9.4.6.Хорооноос ирүүлсэн төслийн жагсаалтыг хүлээн авснаас ажлын 5-өдөрт багтаан аймгийн Засаг даргын захирамжаар баталгаажуулна.

 

 

Арав.Гэрээ байгуулах, санхүүжилт олгох

 

10.1.Хөтөлбөрийн хүрээнд огох зээлийг дараах байдлаар санхүүжүүлнэ:

10.1.1.Аймгийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалт, санхүүгийн асуудал хариуцсан нэгжүүд төсөл хэрэгжүүлэгч  бизнес эрхлэгчтэй Зээлийн болон барьцааны гэрээ байгуулна.

10.1.2.Гэрээ байгуулснаас хойш ажлын 7 хоногийн дотор зээлийн санхүүжилтийг төсөл хэрэгжүүлэгч зээлдэгчийн дансанд шилжүүлнэ.

10.1.3.Хөтөлбөрийн хүрээнд гарааны бизнесийг дэмжих болон бичил бизнес эрхлэгчдэд итгэл үзүүлэх зорилгоор 20 сая төгрөгийн санхүүжилт хүссэн төслийн зээлд барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд барьцаа хөрөнгийн шаардлагыг 30 хүртэл хувиар бууруулан гэрээ байгуулж, санхүүжилтийг олгож болно;

10.1.4.Зээлийн санхүүжилтийг төслийн хэрэгжилттэй уялдуулан зээлдэгчийн худалдан авалт, төслийн гүйцэтгэлээр санхүүжилтийг олгож болно.

10.1.5.Аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүүгийн асуудал хариуцсан нэгж зээлдэгчийн талаарх дараах баримт бичгийг эх хувиар нь баримтжуулан хадгална:

10.1.5.1.Зээлдэгчийн анкет;

           10.1.5.2.Зээл олгохыг хүссэн өргөдөл;

           10.1.5.3.Оршин суугаа газрын тодорхойлолт;

           10.1.5.4.Төслийн баримт бичиг;

           10.1.5.5.Энэ журмын 1.6.3-т заасан хорооны хурлын тэмдэглэл;

           10.1.5.6.Зээлийн болон барьцааны гэрээ;

10.1.6.Барьцаа хөрөнгийн үнэлгээний жагсаалт, барьцаалсан үнэ, барьцаалсан эд хөрөнгийн гэрчилгээний эх хувь болон барьцаа хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлж барьцаалбар үйлдсэн тухай баримтыг хавсаргана;

           10.1.7.Зээлийн эргэн төлөлтийн хуваарь;

           10.1.8.Энэ журмын шаардлага, шалгуурыг хангасан эсэхийг баталгаажуулсан баримт бичиг;

10.1.9.Аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүүгийн асуудал хариуцсан нэгжүүд энэ журмын 10 дугаарт зааснаас гадна төслийн  хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх бусад мэдээллийг тухай бүр баримтжуулан хадгалж, цахим архив үүсгэнэ.

 

Арван нэг. Ил тод байдал

 

11.1.Төсөл сонгон шалгаруулалтын үе шат бүрт шалгараагүй төслүүдийн баримт бичгийг үндэслэл, тайлбарын хамт төсөл ирүүлэгчид буцаана.

11.2.Хороо нь төсөл сонгон шалгаруулах, үнэлэх үйл явцыг цахимаар болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй, ил тод зохион байгуулна.

11.3.Аймгийн Засаг даргын Тамгын газар, сумд, агентлагууд нь төслийн сонгон шалгаруулалт, үр дүнгийн явцыг талаарх мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан нийтэд мэдээлнэ.

11.4.Хорооны хурлын шийдвэр гарснаас хойш ажлын 5 хоногт багтаан шалгарсан иргэн, аж ахуйн нэгжийн мэдээллийг аймгийн Засаг даргын Тамгын газар, сумд, агентлагуудын цахим хуудсанд байршуулан мэдээлнэ.

11.5.Зээл авсан иргэний овог нэр, хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар, шалгарсан төслийн нэр, үйл ажиллагааны чиглэл, төсөл хэрэгжих байршил, сонгон шалгаруулсан шийдвэрийг Шилэн дансны тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн дагуу байгууллагын шилэн данс, цахим хуудсаараа дамжуулан нийтэд ил тод мэдээлнэ.

 

Арван хоёр. Зээлдэгчийн мэдээллийн сан

 

12.1.Аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүүгийн асуудал хариуцсан нэгж зээл авсан иргэн, аж ахуйн нэгжийн холбогдох мэдээллийг агуулсан Зээлийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэн хөтөлнө.

12.2.Аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүүгийн асуудал хариуцсан нэгж зээлийн ангиллыг тогтоохдоо Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд нарын хамтарсан тушаалаар баталсан Активыг ангилах, эрсдэлийн сан байгуулах, зарцуулах журмыг баримтална.

 

 

Арван гурав. Зээлийг эргэн төлүүлэх үйл ажиллагаа

 

13.1.Аймгийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалт, санхүүгийн асуудал хариуцсан нэгжүүд зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлт, зээлийн хүү, алдангийг тухай бүр төлүүлнэ.

13.2.Зээлдэгч нь зээлийг гэрээнд заасан хугацааны дотор эргэн төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд чанаргүй активын ангилалд оруулж, Засгийн газрын тусгай сан, хөтөлбөрөөс дахин санхүүжилт олгохгүй байх арга хэмжээ авна.

13.3.Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд чанаргүй зээлийн ангилалд оруулж, цаашид Засгийн газрын тусгай сан, төрийн байгууллагын аливаа тендер, төсөл, хөтөлбөрүүдэд хамруулах эрхгүй болгож Сангийн яамны хар жагсаалтын бүртгэлд бүртгэгдэнэ.

13.4.Аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүүгийн асуудал хариуцсан нэгж төсөл хэрэгжүүлэгчийн гэрээний үүргээ зөрчсөн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хөрөнгө оруулагчийн санаачлагаар гэрээг цуцаж байгаа тохиолдолд хөтөлбөрийн зээлийн хөрөнгийг төлөх эцсийн хугацааг тодорхой заах бөгөөд шийдвэрт заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй барьцааны зүйлийг хураан авах саналыг хороонд танилцуулна.

.

 

Арван дөрөв. Зээлийн зарцуулалтад хяналт тавих

 

14.1.Хороо нь хөтөлбөрийн  хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, зээлийн эргэн төлөлтөд хяналт тавихдаа дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

14.1.1.Зээл авсан иргэн, аж ахуйн нэгжийн төслийн үр дүнгийн тайлан, санхүүгийн буюу мөнгөн гүйлгээ, зээлийн эргэн төлөлтийн талаарх тайланг зээлдэгчээс улирал бүр гаргуулан авах;

14.1.2.Хөтөлбөрийн үйл ажиллагаа, орлого, зарлагын гүйцэтгэлд жил бүр хөндлөнгийн аудит хийлгэж, аудитын дүгнэлтийг аймгийн Засаг даргын зөвлөлөөр хэлэлцүүлэх.

14.1.3.Хороо нь жилд хоёроос доошгүй удаа зээлийг зориулалтын дагуу зарцуулж байгаа эсэхэд иж бүрэн эсхүл түүвэрчилэн хяналт, шалгалт хийнэ. Хяналт, шалгалтын дүнг тухай бүр нэгтгэн аймгийн Засаг даргад хүргүүлнэ.

14.1.4.Хөтөлбөрийн хөрөнгийг төслийн зориулалтын дагуу зарцуулаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь хорооны хяналт, шалгалтаар тогтоогдсон бол зээлдэгчийн эх үүсвэрийг буцаан татаж, холбогдох байгууллагад шилжүүлнэ. Энэ зохицуулалтыг аймгийн Засаг даргын Тамгын газрын салбар хариуцсан нэгж, зээлдэгчтэй байгуулах гэрээгээр нарийвчлан зохицуулна.

14.1.5.Хөтөлбөрийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй буюу энэ журамд заасныг зөрчиж төсөл сонгон шалгаруулсан, төслийн хэрэгжилтэд зохих журмын дагуу хяналт тавьж ажиллаагүй болох нь эрх бүхий этгээдийн хяналт, шалгалтаар тогтоогдсон бол холбогдох албан тушаалтанд зохих хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

Арван тав. Мэдээ тайлан гаргах, хүлээн авах

 

17.1.Хороо нь тухайн жилийн төсөл сонгон шалгаруулалт зарласан хугацаанд ирүүлсэн төсөл, олгосон зээлийн мэдээллийг нэгтгэн орон нутгийн иргэд, олон нийтэд мэдээлэх, үр дүнтэй хэрэгжиж буй төслийг сурталчилан танилцуулах, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулна.

17.2.Хороо нь хөтөлбөрийн хөрөнгийн зарцуулалт, бүрдүүлэлт, үр дүнгийн талаарх мэдээллийг аймгийн Засаг даргын зөвлөлд улирал бүрд,  аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хагас, бүтэн жилээр танилцуулна.

17.3.Хороо нь хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, түүний явц, гүйцэтгэлийг тухай бүрд аймгийн Засаг даргын Тамгын газрын салбар хариуцсан нэгжид ирүүлж ажиллана.

 

 

Арван зургаа. Хариуцлага

 

16.1.Хөтөлбөрөөс зээл авсан этгээд зээлийг үр ашиггүй зарцуулсан буюу зориулалтын дагуу зарцуулаагүй, зээлийн болон барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн этгээдэд олгосон хөнгөлөлттэй зээлийг буцаан төвлөрүүлэх бөгөөд Засгийн газрын тусгай сан болон хөтөлбөрөөс дахин зээл олгохгүй.

16.2.Хөтөлбөрийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй, энэ журамд заасныг зөрчиж төсөл сонгон шалгаруулсан, төслийн хэрэгжилтэд зохих журмын дагуу хяналт тавьж ажиллаагүй нь эрх бүхий этгээдийн хяналт шалгалтаар тогтоогдсон бол тухайн сумын Засаг дарга болон холбогдох бусад албан тушаалтанд Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэж сангийн хохирлыг барагдуулна.

16.3.Энэ журмыг зөрчсөн гэм буруутай этгээд төрд учирсан хохирлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцан барагдуулна.

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ