СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ХАРИУЦЛАГАТАЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СУРГАЛТЫН ЖУРАМ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/04 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт

 

СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ХАРИУЦЛАГАТАЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СУРГАЛТЫН ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

    1.1.Энэхүү журмын зорилго нь согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бусдад үйлчлэх үүрэг бүхий ажилтан (менежер, зохион байгуулагч, зөөгч, бармен, хамгаалагч гэх зэрэг)-д хариуцлагатай үйлчилгээ үзүүлэх сургалт зохион байгуулах хуулийн этгээдэд тавигдах шаардлага, сургалтын хөтөлбөр болон үүнтэй холбоотой авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаарх харилцааг зохицуулахад оршино.

           1.2.Энэхүү журам нь Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцсэн байна.

     

Хоёр.Сургалт эрхлэн явуулах хуулийн  этгээдэд тавигдах шаардлага

2.1.Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бусдад үйлчлэх үүрэг бүхий ажилтан нь согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалт (цаашид сургалт гэх)-д хамрагдсан байх бөгөөд сургалтыг ашгийн төлөө бус хуулийн этгээд эрхлэн явуулна.

2.2.Сургалт эрхлэн явуулах хуулийн этгээд нь Төрийн бус байгууллагын тухай хуульд заасан төрийн бус байгууллагад тавигдах ерөнхий шаардлагыг хангасан байх ба сургалт эрхлэн явуулах хүсэлт, сургалтын хөтөлбөр, модулийг жишиг хөтөлбөр, модулийн дагуу  боловсруулж, аймаг, нийслэлийн Засаг даргаар шийдвэрлүүлнэ.

2.3.Энэ журмын 2.2-т заасан жишиг хөтөлбөр, модулийг аймаг, нийслэлийн Засаг дарга батална.

2.4.Сургалт эрхлэн явуулах хуулийн этгээд нь сургалт зохион байгуулсан талаарх тайлан, мэдээг улирал тутам аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлж, тайлагнана.

 

Гурав.Сургалтын үйл ажиллагаа

3.1.Тус сургалтад элсэгч нь нийт 4 (дөрөв)-н цагийн сургалтад хамрагдсан байна.

3.2.Сургалт эрхлэн явуулах хуулийн этгээд нь энэ журмын 3.1-д заасан сургалтад бүрэн хамрагдаж, шалгалтад тэнцсэн элсэгчдэд гэрчилгээ олгох бөгөөд гэрчилгээний хүчинтэй хугацаа 3 (гурав)-н жил байна.

3.3.Сургалтыг танхимаар явуулах бөгөөд Онц байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан нөхцөл байдал үүссэн болон шаардлагатай бусад тохиолдолд цахимаар явуулж болно.

3.4.Энэ журмын 3.2-т заасан гэрчилгээний хугацаа дуусмагц бусдад үйлчлэх үүрэг бүхий ажилтан нь 4 цагийн сургалтад бүрэн хамрагдан, шалгалтад тэнцсэн тохиолдолд дахин 3 (гурав)-н жилийн хугацаагаар гэрчилгээг олгоно.

                    3.5.Дараах тохиолдолд гэрчилгээг хүчингүй болгоно. Үүнд:

                    3.5.1.гэрчилгээ эзэмшигч хүсэлт гаргасан;

                    3.5.2.гэрчилгээг бусдад шилжүүлсэн, дамжуулсан, ашиглуулсан;

3.5.3.Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон энэхүү журмыг зөрчсөн бол.

3.6.Сургалтад элсэгч шалгалтыг биечлэн өгөх бөгөөд шалгалтын асуулгыг сургалт эрхлэн явуулах хуулийн этгээд улирал бүр шинэчилнэ.

           3.7.Шалгалтад тэнцсэн элсэгчдэд олгох гэрчилгээ нь өөрийн дахин давтагдашгүй дугаартай байх бөгөөд цахимаар тус дугаараар гэрчилгээний мэдээллийг шалгах боломжтой байна.

           3.8.Сургалтыг заах багш нар нь хууль, эрх зүй, анагаах ухааны болон сэтгэл судлалын чиглэлээр бакалаврын зэрэг эзэмшсэн байна.

 

Дөрөв.Сургалтын хөтөлбөрт тавигдах шаардлага

4.1.Сургалтыг дараах агуулгын хүрээнд зохион байгуулна:

         4.1.1.согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг таниулах;

         4.1.2.үйлчлүүлэгчийг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс урьдчилан сэргийлэх;

4.1.3.согтууруулах ундааны нийгэмд үзүүлэх нөлөөлөл;

4.1.4.согтууруулах ундааны хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл;

              4.1.5.насанд хүрээгүй, эсвэл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үйлчлүүлэгчдэд согтууруулах ундаагаар үйлчлэхээс зайлсхийх арга барил;

 4.1.6.бусад.

 

Тав.Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай     тэмцэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг таниулах

 

 5.1.Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг таниулах сургалт дараах агуулгатай байна:

                      5.1.1.согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийн төрөл, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох;

          5.1.2.согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох газар, өдөр, түүгээр үйлчлэхэд хориглох зүйл, цагийн хязгаарлалт;

                      5.1.3.согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигдах тусгай шаардлага, эзэмшигчийн хариуцлага;

                     5.1.4.Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид архидан согтуурахтай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаар хэрхэн тусгасан, оногдуулах шийтгэл.

            

Зургаа.Үйлчлүүлэгчийг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс урьдчилан сэргийлэх

           6.1.Сургалтаар үйлчлүүлэгчийг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйлчилгээний арга барилын талаарх ойлголтыг олгоно.


 

Долоо.Согтууруулах ундааны нийгэмд үзүүлэх нөлөөлөл

           7.1.Сургалтаар согтууруулах ундааны нийгэмд үзүүлэх нөлөөллийн талаарх дараах ойлголтыг олгоно:

                     7.1.1.согтууруулах ундааны нийгэмд үзүүлэх ерөнхий нөлөөлөл;
                     7.1.2.согтууруулах ундааны нийгэмд үзүүлэх ерөнхий сөрөг үр дагавар. 
                

Найм.Согтууруулах ундааны хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл

 

           8.1.Сургалтаар согтууруулах ундааны хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийн дараах ойлголтыг олгоно:

        

                      8.1.1.архинд донтох эмгэг;
                      8.1.2.хорт хавдар, элэгний хатуурал зэрэг өвчин; 
                      8.1.3.архины хордлого ба үхэл;
                     8.1.4.архи нь хүний оюун ухаан, сэтгэл зүй, зан араншинд хэрхэн нөлөөлдөг;
                     8.1.5.хүний бие согтууруулах ундааг хэрхэн боловсруулдаг;
                     8.1.6.бусад.

 

Ес.Насанд хүрээгүй, эсвэл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үйлчлүүлэгчдэд согтууруулах ундаагаар үйлчлэхээс зайлсхийх арга барил

 

           9.1.Сургалтаар согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бусдад үйлчлэх үүрэг бүхий ажилтан нь үйлчлүүлэгчийн баримт бичгийг шалгах эрхтэй бөгөөд үйлчлүүлэгч 21 нас хүрээгүй гэх үндэслэл байгаа тохиолдолд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийн өмнө хуулиар зөвшөөрөгдсөн насанд хүрсэн эсэхийг шалгах зорилгоор үйлчлүүлэгчийн дараах баримт бичгийг биечлэн болон техник технологи ашиглан шалгах талаарх ойлголтыг олгоно.


 
                     9.1.1.иргэний үнэмлэх;
                     9.1.2.жолоочийн үнэмлэх;
                     9.1.3.гадаад паспорт.

           9.2.Сургалтын агуулгад энэ журмын 9.1-д заасан ажилтан нь үйлчлүүлэгч баримт бичиггүй, эсхүл баримт бичгээ шалгуулахаас татгалзсан тохиолдолд түүнд согтууруулах ундаа худалдахгүй, эсхүл түүгээр үйлчлэхгүй талаар тусгаж, заана.

           9.3.Сургалтаар үйлчлүүлэгчид согтууруулах ундаагаар үйлчлэхээс татгалзах арга барилын талаар дараах ойлголтыг олгоно:
                       9.3.1.үйлчлүүлэгчид цаашид үйлчлэх боломжгүй гэдгээ эелдэг байдлаар хэлэх; 
                       9.3.2.согтууруулах ундааны үйлчилгээг зогсоох шийдвэр гаргахдаа тууштай байх;
                       9.3.3.хамт ажиллаж байгаа хүмүүст тухайн хүнд согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх шийдвэр гаргасан тухайгаа мэдэгдэх;
                      9.3.4.үйлчлүүлэгчтэй хамт явж буй бусад хүнд мөн мэдэгдэх; 
                       9.3.5.ус, ундаа, эсхүл хүнсний зүйл санал болгох;
                      9.3.6.шаардлагатай тохиолдолд такси дуудаж өгөх зэргээр аюулгуй байдлыг нь хангах арга хэмжээ авах;
                      9.3.7.бусад.

 

--оОо—

 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны … дугаар сарын …-ны өдрийн … дугаар тушаалын 2 дугаар хавсралт

 

 

ХАРИУЦЛАГАТАЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИШИГ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ

 

Сургалтын

төлбөр

Төлөх хэлбэр

 

 

40.000 (дөчин мянга) төгрөг

(нийт 4 цаг)

50 хувь буюу 20.000 (хорин мянга) төгрөг

Сургалтад элсэгч өөрөө төлнө.

 

Үлдэгдэл 50 хувь болох 20.000 (хорин мянга) төгрөг

Аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасан сангаас санхүүжүүлнэ.

 

                                                                           --оОо--

 

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ