ДОРНОГОВЬ АЙМГИЙН САЙНШАНД, ЗАМЫН-ҮҮД СУМДЫН ТӨВД НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ/ТАКСИНААС БУСАД/-ЭЭР ОЮУТАН, СУРАГЧИЙГ ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦӨЛӨӨР ЗОРЧУУЛАХ ЖУРАМ

ДОРНОГОВЬ АЙМАГ

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

 

2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр                                           Дугаар 11/03                                                   Дорноговь аймаг, Сайншанд сум      

 

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

 

                Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4, Авто тээврийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 12.3, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.5, Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.4, 58.2.11 дэх заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

               1.“Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд сумдын төвд нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр оюутан, сурагчийг хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчуулах журам”-ыг хавсралтаар баталсугай.

              2.Журмын дагуу нийтийн тээврээр хөнгөлөлттэй нөхцөлөөр оюутан, сурагчийг зорчуулах үйл ажиллагааг зохион байгуулж, нөхөн олговорт шаардагдах санхүүжилтийг жил бүрийн орон нутгийн төсөвт тусган шийдвэрлүүлэхийг аймгийн Засаг дарга /Т.Энхтүвшин/-д үүрэг болгосугай.

               3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга  /Н.Хонгорзул/ ,   Дэд бүтэц, байгаль орчин, хөдөөгийн бодлогын хорооны ахлагч /С.Одбаяр/ нарт даалгасугай.

                4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 10/29 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

ДАРГА                                                С.ТҮМЭНБАЯР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

2019 оны 11/03 дугаар тогтоолын хавсралт

 

ДОРНОГОВЬ АЙМГИЙН САЙНШАНД, ЗАМЫН-ҮҮД СУМДЫН

ТӨВД  НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ/ТАКСИНААС БУСАД/-ЭЭР 

ОЮУТАН, СУРАГЧИЙГ ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦӨЛӨӨР ЗОРЧУУЛАХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4, Автотээврийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 12.3, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.5, Төсвийн тухай 58.2.4, 58.2.11 дэх заалтыг үндэслэн Сайншанд, Замын-Үүд сумдын төвд нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр оюутан, сурагчийг хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчуулах, түүнд олгох нөхөн олговортой холбоотой харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2.Энэхүү журмыг аймгийн хэмжээний оюутан, сурагчид болон холбогдох нутгийн захиргааны байгууллагууд, тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага дагаж мөрдөнө.

1.3.Энэхүү журмыг аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, Автотээврийн төв, Автотээврийн төв ТӨҮГ-ын харьяа Замын-Үүд салбар, Сайншанд, Замын-Үүд сумдын Захирагчийн ажлын алба болон бусад холбогдох төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд хамтран хэрэгжүүлнэ.

Хоёр. Нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр

оюутан, сурагчийг хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчуулах

2.1.Сайншанд, Замын-Үүд сумын доторх нийтийн тээврийн хэрэгслээр оюутан, сурагчид нь хөнгөлөлттэй нөхцөлөөр үйлчлүүлэх эрхтэй.

2.2.Аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, АҮШУИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургууль, Ерөнхий боловсролын сургуулиудаас нийтийн тээврийн хэрэгслээр зорчих оюутан, сурагчийн тоог улирал бүр шинэчлэн  гаргаж, Сайншанд, Замын-Үүд сумдын Захирагчийн ажлын албанд хүргүүлнэ.

2.3.Сайншанд, Замын-Үүд сумын доторх нийтийн тээврийн хэрэгслээр зорчих үнэ тарифыг аймгийн Автотээврийн газар, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Замын-Үүд салбарын саналыг үндэслэн холбогдох сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтооно. Үнэ тарифыг  төсвийн жилийн cap тутмын 7 хоног бүрийн амралтын болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүдээс бусад өдөрт зорчих, зорчилтын тоо, сэлгэн суултын коэффициент, насанд хүрсэн хүний зорчих үнэ зэргийг үндэслэн нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай байгуулсан гэрээг удирдлага болгон харилцан тохиролцож хагас, бүтэн жилээр тогтоон  холбогдох аж ахуйн нэгж, байгууллагад  мэдэгдэнэ.

2.4.Сайншанд, Замын-Үүд сумын доторх нийтийн тээврийн хэрэгслээр зорчих оюутан, сурагчдад олгох эрхийн үнэмлэхийг хэвлүүлэх, олгох, түгээх ажлыг Замын-Үүд, Сайншанд хотын Захирагчийн ажлын алба болон холбогдох төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулна.

2.5.Сурагчид болон оюутнууд нь энэхүү журмын 2.3-д заасан үнэ тарифаас 50 хувийн хөнгөлөлттэй зорчих эрхтэй бөгөөд хөнгөлөлт нь сурагчийн болон оюутны үнэмлэхийг үндэслэн хүчин төгөлдөр үйлчилнэ.

2.6.Энэхүү журмаар олгогдсон хөнгөлөлт нь оюутан, сурагчийн улирлын болон зуны амралтаас бусад үед буюу  сургуульдаа явах үед хамаарна. 

2.7.Сайншанд, Замын-Үүд сумдын Захирагчийн ажлын алба нь төрийн анхан шатны нэгж болон бусад холбогдох төрийн байгууллагаас гаргасан судалгааг үндэслэн оюутан, сурагчийг Сайншанд, Замын-Үүд сумын доторх нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулах эрхийн үнэмлэх олгох ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулна. 

2.8.Сайншанд, Замын-Үүд сумын доторх нийтийн тээврийн хэрэгслээр зорчих эрхийн үнэмлэхний үнэ /хэвлэх, сунгахад гарах зардал/-ийг оюутан, сурагч өөрөө төлнө. 

2.9.Эрхийн үнэмлэхийн олголт, сунгалт, ашиглалтын байдалд холбогдох төрийн болон төрийн бус байгууллага хяналт тавьж болно.

Гурав. Оюутан, сурагчийн нөхөн олговорт

шаардагдах санхүүжилтийг олгох

З.1.Сайншанд, Замын-Үүд сумдын Захирагчийн ажлын алба нь нийтийн тээврийн үйлчилгээний үнэ тариф өөрчлөгдсөн тухай мэдээллийг албажуулан тухайн жилийн арваннэгдүгээр сард багтаан аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.

3.2.Аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, Сайншанд, Замын-Үүд сумдын Засаг даргын Тамгын газраас оюутан, сурагчийг аймаг, нийслэл,  Сайншанд, Замын-Үүд сумын доторх нийтийн тээврийн хэрэгсэл /Таксинаас бусад/ -ээр хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчуулахад шаардагдах хөрөнгийн тооцоог гарган, аймгийн Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ.

3.3.Аймгийн Засаг даргын Тамгын газраас Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.4, 58.2.11 дэх заалтын дагуу энэхүү журмын дагуу хөнгөлөлттэй үнээр зорчуулахад шаардагдах нөхөн олговрын санхүүжилтийг орон нутгийн төсөвт тусган шийдвэрлүүлнэ.

3.4.Нийтийн тээврийн хэрэгслийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгж, байгууллага нь оюутан, сурагчдад үзүүлсэн үйлчилгээний тооцоог үнэн зөвөөр гаргаж, гүйцэтгэлийн баримтыг  Сайншанд, Замын-Үүд сумдын Захирагчийн ажлын албанд ирүүлнэ. 

3.5.Нийтийн тээврийн хэрэгслийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нөхөн олговрын тооцоог Сайншанд, Замын-Үүд сумдын Захирагчийн ажлын алба болон Санхүү, төрийн сангийн хэлтэс хянан баталгаажуулсны үндсэн дээр аймгийн Засаг дарга энэхүү журмын 3.3-д заасан эх үүсвэрээс  шийдвэрлэж олгоно.

Дөрөв. Хяналт тавих, хариуцлага тооцох

4.1.Сайншанд, Замын-Үүд сумдын Захирагчийн ажлын албанаас хот доторх нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай үед ажлын зураг авалт хийн, дотоод хяналт тавьж ажиллана.

4.2.Эрхийн үнэмлэхийг хуурамчаар үйлдсэн, бусдад дамжуулан ашиглуулсан тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. 

4.3.Энэхүү журмаар хүлээсэн эрх, үүргээ хангалтгүй биелүүлснээс үүсэн бий болох үр дагаврыг буруутай этгээд, байгууллага нь холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.

4.4.Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Автотээврийн газар, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Замын-Үүд салбараас хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг тухай бүр арилгуулж ажиллах ба шаардлагатай тохиолдолд холбогдох хуулийн байгууллагуудаар шийдвэрлүүлнэ.

 

-----------------------000----------------------

 

 

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ