Аймгийн Засаг даргын "Хөгжлийн төлөө хамтдаа" 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2018 оны хэрэгжилт

 

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН  ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ “ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ  ХАМТДАА” 2016-2020 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ  ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН 2018 ОНЫ  ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦАД ХИЙСЭН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ,ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

 

НЭГ. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭНИЙ ЗОРИЛГО, ҮНДЭСЛЭЛ, АРГА ЗҮЙ

2019.02.15                                                                                                                                                                                               Дорноговь аймаг

          Аймгийн Засаг  даргын  үйл  ажиллагааны  “Хөгжлийн  төлөө  хамтдаа” 2016-2020 оны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн зорилт, арга хэмжээний гүйцэтгэлийн явцын талаар дүгнэлт гаргаж, холбогдох байгууллага, албан тушаалтанд бодит мэдээлэл өгсний үндсэн дээр төлөвлөсөн арга хэмжээг хугацаанд нь хэрэгжүүлэх зохион байгуулалт, зохицуулалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд оршино.

        Монгол улсын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу  аймгийн Засаг  даргын  “Хөгжлийн  төлөө  хамтдаа” 2016-2020 оны үйл  ажиллагааны  хөтөлбөрийн 2018 онд хүрэх түвшин, үр дүнгийн үзүүлэлтийг 2018  оны жилийн эцсийн  байдлаар тооцож, төлөвлөсөн  арга хэмжээ тус бүрийн гүйцэтгэлийн  түвшинг үнэлэв.

ХОЁР. ТӨЛӨВЛӨСӨН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТИЙН БАЙДАЛ

            Аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 02/11 дүгээр тогтоолоор батлагдсан  аймгийн Засаг  даргын  үйл  ажиллагааны  “Хөгжлийн  төлөө  хамтдаа” 2016-2020 оны  хөтөлбөрт  тусгагдсан 4 бодлого, 388  зорилт  арга  хэмжээг  хяналтад  авч, 2018  онд  хэрэгжүүлэх 379 арга  хэмжээний  биелэлтийг  гарган хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ.

ГУРАВ. ДҮГНЭЛТ

             Аймгийн Засаг  даргын  үйл  ажиллагааны  “Хөгжлийн  төлөө  хамтдаа” 2016-2020 оны  хөтөлбөрийг 2018  онд  хэрэгжүүлэх  4 бодлого, 379  зорилт  арга  хэмжээг  хяналтад  авч, биелэлтийг гарган, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд   биелэлт тооцох  379 заалтын 311  заалт 100 хувь, 58 заалт 70 хувь,  1  заалт  40  хувьтай , 9 заалт үнэлэх боломжгүй байна. Бодлогын зорилт  тус  бүрээр  авч  үзвэл:

  1. Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлогын хүрээнд 123  заалтын  92 заалт 100 хувь, 21 заалт 70 хувь, 1 заалт 40 хувь,  үнэлэх боломжгүй-9,  дундаж 98.1 хувь,
  2. Нийгмийн бодлогын хүрээнд заалтын 100 заалтын  83 заалт 100 хувь, 17 заалт 70 хувь, дундаж  95  хувь,
  3. Байгаль орчин ногоон хөгжлийн бодлогын хүрээнд 34 заалтын 32 заалт 100 хувь, 2 заалт 70 хувь, дундаж 97.8 хувь,
  4. Засаглалын бодлогын хүрээнд 122 заалтын 110 заалт 100 хувь, 12 заалт 70 хувь, дундаж 96.7 хувь байна.

Аймгийн Засаг  даргын  үйл  ажиллагааны  “Хөгжлийн  төлөө  хамтдаа” 2016-2020 оны  хөтөлбөрийн 2018  оны  хэрэгжилт  97 хувийн  гүйцэтгэлтэй үнэлэгдлээ.

ДӨРӨВ. ҮНЭЛЭХ  БОЛОМЖГҮЙ  БОЛОН  ХЭРЭГЖИЛТ  ХАНГАЛТГҮЙ ЗААЛТУУД

Эдийн  засгийн тогтвортой өсөлтийг  хангах  бодлогын  хүрээнд  нийт 9 зорилт  арга  хэмжээг  үнэлэх  боломжгүй  байна.

Үүнд:

  • “Канад болон бусад улсын дэвшилтэт технологид суурилсан “Эко хотхон” хөтөлбөр хэрэгжүүлнэ”  гэж  төлөвлөсөн боловч бусад  аймаг,  хотод  хэрэгжсэн Канад технологи бүхий орон  сууцны  төслийн  хэрэгжилтээс  харахад  тус  технологи  нь  галын  аюулгүй  байдал  талаасаа өндөр  эрсдэлтэй,  говийн    эрс  тэс  уур  амьсгалтай нөхцөлд тохиромжгүй  болох  нь тогтоогдож,  орон  нутгийн иргэдийн  хэрэгцээ  шаардлагад  нийцэхгүй  байгаа нь   тул  хөтөлбөрийг  хэрэгжүүлэх шаардлаггүй  болсон. Иймд тус зорилт  арга  хэмжээг  үнэлэх  боломжгүй  байна.
  • “Айраг, Иххэт, Өргөн сумдад шинээр бохир ус шингээх байгууламж байгуулах ажлыг үе шаттайгаар гүйцэтгэнэ” гэж төлөвлөсөн  боловч  Япон Улсын Шизуока мужаас Дорноговь аймагт хэрэгжиж  байсан “Дорноговь аймгийн хэрэглээний усны орчинг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Айраг, Иххэт, Өргөн сумдад Япон улсын дэвшилтэт технологи бүхий бага оврын цэвэрлэх төхөөрөмжийг нэвтрүүлэх судалгааны ажлыг хамтран хийж байсан боловч тодохойгүй шалтгаанаар төслийн үйл ажиллагаа зогссон  тул үнэлэх  боломжгүй  байна.
  • “Аймгийн төвийн I-р зэрэглэлийн хэрэглэгчдийг цахилгааны нөөц эх үүсвэртэй болгох ажлыг үе шаттайгаар гүйцэтгэнэ” гэж  төлөвлөсөн  боловч 2018  оны  улсын  төсөвт уг  ажлын  төсөв  батлагдаагүйгээс  үнэлэх боломжгүй  байна
  • “Сайншанд–Ханги боомт чиглэлийн 322 км автозам барих ажлын судалгааг хийж, гадаадын хөрөнгө оруулалтаар барихыг дэмжинэ” гэж төлөвлөсөн  боловч  хөрөнгө  санхүү шийдвэрлэгдээгүй тул ажил  хийгдээгүй,  үнэлэх боломжгүй  байна.
  • “Сайншанд– Хамарын хийд чиглэлийн автозамын уулзвараас Зүүнбаян баг хүртэлх 16 км хатуу хучилттай автозамыг барина” гэж ЗГҮАХ-т тусгагдсан хэдий ч хөрөнгө санхүү  шийдвэрлэгдээгүйгээс ажил  хийгдээгүй, үнэлэх  боломжгүй  байна.
  • Сайншанд– Хамарын хийд чиглэлийн автозамын уулзвараас Ханбаянзүрх уул  хүртэлх 6.85  км хатуу хучилттай автозамыг барихаар  төлөвлөсөн  боловч төсөв санхүүгийн  дутагдлаас ажил  хийгдээгүй  тул  үнэлэх  боломжгүй  байна.
  • “Чойр-Сайншанд–Замын-Үүд чиглэлийн босоо тэнхлэгийн автозамаас Өргөн сум хүртэлх 18.5 км авто замыг ашиглалтанд хүлээн авч, Замын-Үүд сумын төв хүртэлх 4.8 км хатуу хучилттай автозамыг гүйцээн барина” гэж  төлөвлөсний дагуу  Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжүүлэх "Бүс нутгийн авто зам хөгжүүлэх төсөл"-ийн Сайншанд-Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай замаас Өргөн сум хүртэлх 18.25 км хатуу хучилттай авто зам /Дорноговь/-ын ажлын санхүүжилт батлагдаагүй тул ажтл  хийгдээгүй,  үнэлэх  боломжгүй  байна.
  • Чойр-Сайншанд–Замын-Үүд чиглэлийн босоо тэнхлэгийн автозамаас “Бүрдэнэ булаг” бөөрний сувилал хүртэлх 18 км сайжруулсан  автозам барих ажлын судалгааг хийнэ”  гэж  ЗГҮАХ-т  тусгагдсан  боловч  санхүүгийн  асуудал  шийдвэрлэгдээгүй  тул үнэлэх  боломжгүй байна.
  • “Улс, бүс, аймгийн үзэсгэлэн худалдаанд нутгийн шилмэл малыг оролцуулан сурталчилна”гэж  төлөвлөсөн ч ХХАААҮЯ-аас өгсөн чиглэлийн дагуу орон нутаг болон улс бүсийн  үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаагүй тул  үнэлэх  боломжгүй  байна.

Хэрэгжилт  хангалтгүй  заалт:

  • “Дорноговийн хонины мах  аймгийн  дэд   хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлыг зохион байгуулна”  гэж төлөвлөсөн  боловч тус  судалгааны  ажлыг  хамтран  хийхээр  гэрээ  байгуулсан  аж  ахуйн  нэгж хөрөнгө  оруулалт  хийгээгүйгээс  судалгааны  ажил  эхлээгүй  байна.

ТАВ.ЦААШИД АВЧ  ХЭРЭГЖҮҮЛЭХ  АРГА  ХЭМЖЭЭНИЙ ТАЛААРХ ЗӨВЛӨМЖ

Аймгийн  Засаг  даргын үйл  ажиллагааны  “Хөгжлийн  төлөө  хамтдаа”  үйл  ажиллагааны  хөтөлбөрийн  2018  оны  хэрэгжилтийг  жилийн  эцсийн  байдлаар  нэгтгэн, хяналт  шинжилгээ,  үнэлгээ  хийж, цаашид  авч  хэрэгжүүлэх  арга  хэмжээний  талаар аймгийн  Засаг  даргын  Тамгын  газрын  хэлтсүүдэд  дараах  зөвлөмжийг  хүргүүлж  байна.

АЗДҮХ-ийн  хэрэгжилтийг  тайлагнахдаа  хэлтэс  бүр  МУЗГ-ын 2017 оны 89 дүгээр  тогтоол, аймгийн  Засаг  даргын 2017  оны А/566 дугаар  захирамжаар тус тус батлагдсан журмын  дагуу заасан  хугацаанд, үр  дүнд  суурилсан тайланг  бодит  тоон  мэдээлэлд  тулгуурлан  бичиж, үнэлгээ  хийн ХШҮДАХ-т цаасан  болон цахим хэлбэрээр  ирүүлж байх  шаардлагатай.

Агентлаг, сумдын тайлангаас  мэдээлэл  нэгтгэхдээ тайлангын  үнэн зөв,  бодит  мэдээллийг  холбогдох  агентлаг,  сумдын  мэргэжилтнүүдээс  тодруулж, ажлын  гүйцэтгэлийн  чанар,  үр  дүнг чухалчлан,  шалгуур  үзүүлэлт,  хүрэх  түвшинд  харьцуулан тооцож үнэлэх нь зүйтэй юм.

Хэлтсүүдийн  тайланг  dornogovi.unelgee.gov.mn  сайтад бичих  ба мэргэжилтнүүдээс  ахлах  мэргэжилтэн  нэгтгэн  авч, ХШҮ-хийж,  хэлтсийн  дарга  хянан  баталгаажуулна.

Шинээр  ажилд  орсон  мэргэжилтнүүдэд  тайлан  бичих  талаар  арга  зүйн  зөвлөгөө  өгөх, дэмжлэг  үзүүлэх  талаар  хэлтсийн  дарга,  ахлах  мэргэжилтнүүд  анхаарах  нь зүйтэй  байна.

ХӨРӨНГӨ  ОРУУЛАЛТ,  ХӨГЖЛИЙН  БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТЭСТ

  • Хариуцлагатай  уул  уурхайг эрчимжүүлэх  ажлын  хүрээнд хийгдсэн “Нийгмийн  хариуцлагын  гэрээ”-ний  хэрэгжилтийг  дүгнэж,  үр  дүнг  тооцож  ажиллах;
  • Уул уурхайн  компаниудын тээврийг  батлагдсан  чиглэлийн  дагуу  хийж буйд  тавих хяналтыг  сайжруулах;
  • Уул  уурхайн компаниудын тээвэрлэлт  хийж  буй авто  замыг  сайжруулсан  болон  хатуу  хучилттай  болгох талаар  эрчимтэй  арга  хэмжээ  авч  ажиллах;
  • Замын-Үүдийн эдийн  засгийн  чөлөөт  бүсийн  дэд  бүтцийн  байгууламжуудын  хэвийн  үйл ажиллагааг  хангаж, үйлдвэрлэл үйлчилгээ, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний бүсэд  хувийн  хэвшлийн байгууллагуудийн  бүтээн  босголтын  ажлыг  эрчимжүүлэх;
  • Хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, эрүүл, аюулгүй хүнсээр иргэдээ хангах зорилтыг  ханган  ажиллаж,   эрчимжсэн  мал  аж  ахуйг  хөгжүүлэхэд  онцгой  анхаарах;
  • Малын  эрүүл  мэнд  хөтөлбөрийн  хүрээнд малыг  халдварт  өвчлөлөөс урьдчилан  сэргийлэх  тарилгыг  100%  хийж  байгаа  хэдий  ч  малын  гоц  халдварт  өвчлөл  жил  бүр  гарсаар  байгаад  анхаарч, дархлаажуулалтын  чанар, дархлаажуулалт  үүсэх  хугацааг  тооцон  эргэх  хяналтыг  сайжруулж,  малчдад  дархлаажуулалтын  талаар  хийх  сургалтыг  чанартай  үр  дүнтэй  зохион  байгуулах;
  • “Дорноговийн  хонины  мах” аймгийн дэд  хөтөлбөрийн  хүрээнд  хийгдэх  судалгаа  шинжилгээний  ажилд  шаардагдах төсөв  санхүүгийн  асуудлыг  холбогдох  байгууллагуудтай  хамтран  гадаад  дотоодын  хөрөнгө  оруулалтыг  татах  замаар  шийдвэрлэх;
  • “Иргэн бүр санаачлагч-Өрх бүр үйлдвэрлэгч”  хөтөлбөрийн  хүрээнд  өрхийн  үйлдвэрлэл,  жижиг  дунд  бизнес эрхлэгчдийг  дэмжин,  хөнгөлөлттэй  зээлд хамрагдах  иргэдийн  тоог  нэмэгдүүлэх;
  • Жимс,  жимгэнэ,  Хүнсний  ногоо зэрэг салбарын  хэмжээнд  хэрэгжиж  буй дэд  хөтөлбөрүүдийн  хэрэгжилтийг  сайжруулах;
  • Босоо  тэнхлэгийн  авто  зам  дагуух  худалдаа  үйлчилгээний  төвийн тоог  нэмэгдүүлж, үйлчилгээний  чанар  хүртээжийг  нэмэгдүүлэх;
  • “Аялал  жуулчлалын мэдээллийн  төв”-ийн  үйл  ажиллагааг  сайжруулж,  гадаад дотоодын  жуулчдийн  тоог  нэмэгдүүлэх;
  • Сайншанд  суманд шинээр  байгуулагдах  “Цэвэрлэх  байгууламж”-ийн  барилга  угсралтын ажлыг  эрчимжүүлэх;
  • Хямд  өртөгтэй  орон  сууцанд  төрийн  албан хаагч,  бага  орлоготой  иргэд,  ахмад, хөгжлийн  бэрхшээлтэй  иргэдийг  түлхүү  хамруулах  талаар  арга  хэмжээ  авч, ажиллах;.

САНХҮҮ,ТӨРИЙН  САНГИЙН  ХЭЛТЭСТ

  • Төсвийн орлогын төлөвлөгөөг оны эхнээс жигд ханган биелүүлж, сумд, төсвийн байгууллагуудын санхүүжилтийг бүрэн олгох, төсвийн зарцуулалтад тавих хяналтыг сайжруулан, сахилга батыг чангатган, өр авлага үүсгэхгүй ажиллах;

НИЙГМИЙН  БОДЛОГЫН  ХЭЛТЭСТ

  • ЕБС-иудын багш нарын  хангалтыг  нэмэгдүүлэх,  сургалтын чанар, үр  дүнг нэмэгдүүлэх;
  • Соёлын биет  болон  биет  бус  өвийг  хөгжүүлэх  талаар  үр  дүнтэй  ажлуудыг  хийж  гүйцэтгэх;
  • Музей  сургалт  судалгааны  төвийн  үзмэрийн  баяжилт, сэргээн  засварлалтын  ажлыг  нэмэгдүүлэх;
  • Эрүүл  мэндийн  салбарын  хүний  нөөцийн  хангалтын  нэмэгдүүлэх, эх  барих  эмэгтэйчүүд,  эрэгтэйчүүд,  хавдрын  эмчийн  тоог нэмэгдүүлэх,
  • Эх, нярай,  нөхөн  үржихүйн  эрүүл  мэндийн  тусламж  үйлчилгээ, жирэмсний хяналтыг  сайжруулж, нярай,  нялхсын эндэгдлийг  бууруулахад  онугой анхаарч ажиллах,
  • Халдварт  болон  халдварт  бус  өвчлөлөөс  урьдчилан  сэргийлэх  талаар  үр  дүнтэй  арга  хэмжээ  авч  ажиллах,
  • Хорт  хавдрын  өвчлөлөөс  урьдчилан  сэргийлэх  арга  хэмжээг  үр  дүнтэй  зохион  байгуулж, хорт  хавдартай өвчтний  амьдрах  чанарыг  сайжруулах,
  • Зах  зээлийн  эрэлт  хэрэгцээг  харгалзан  МСҮТ-д мэргэжлийн  боловсон  хүчнийг  бэлтгэх,
  • Эмнэлгийн  тусламж  үйлчилгээний  чанар  хүртээмжийг  дээшлүүлэх, хүлээгдэл  чирэгдлийг бууруулах  талаар  онцгой  анхаарч ажиллах;

ХУУЛЬ,  ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭСТ

  • Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн орон тоог 2019 оноос  бүрэн  бүрэлдэхүүнээр  ажиллуулах;
  • Шинээр  томилогдох  мэргэжилтэнд “E-khutuch” цахим хуудсыг хариуцан ажиллуулж, “E-khutuch” цахим  хуудсыг тогтмол ажиллуулах;
  •  Архивын дохиолол хяналтын системийг шинэчилэх;
  •  Шүүхийн шинжилгээний албанд туулах чадвар сайтай, цогцос зөөвөрлөх зориулалтын автомашин авах хөрөнгө санхүүгийн асуудлыг судлан шийдвэрлүүлэх арга хэмжээ авах; 

ТӨРИЙН  ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН  ХЭЛТЭСТ

  • Төрийн албаны  ил  тод  байдлыг  хангах талаар үр  дүнтэй арга  хэмжээ зохион  байгуулах;
  • Мэдээлэл, харилцаа  холбооны  механизмыг  боловсронгуй  болгох, зайн хэлбэрээр сургалт, хурал,  зөвлөгөөн  хийх  боломжийг  бүрдүүлэх,
  • Төрийн  албан  хаагчдын  тасралтгүй  сурах,  мэдлэг  ур  чадвараа  дээшлүүлэх  боломж  нөхцлийг  бүрдүүлж,  дэмжлэг  үзүүлэх,
  • Иргэдийг  төрд  итгэх  итгэлийг  нэмэгдүүлэх,  төрийн албан хаагчдын  сахилга  хариуцлага,  ёс  зүйг сайжруулах талаар  үр  дүнтэй  арга  хэмжээ  авч  ажиллахыг зөвлөж  байна.

          Энэхүү  зөвлөмжийн хэрэгжилтийг  харьяа  агентлаг,  сумд, байгууллын  хэмжээнд зохион  байгуулж, гарсан  үр  дүнгийн  тайланг 2019 оны 06 сарын 25-ны дотор Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод  аудитын  хэлтэст  ирүүлнэ үү.

ХЯНАЛТ- ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД  АУДИТЫН ХЭЛТЭС       

 
# Файлын нэр Тайлбар
1 АЗДҮАХ-тайлан-2019.02.15.docx
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ