ТАВАН НҮДЭН ХЭЭТЭЙ ДЭЭЛ
Монголын эртний нүүдэлчдийн өөд болоочдыг оршуулж байсан зан үйлийн өвөрмөц нэгэн хэлбэр бол хадны хөмөг, агуйн оршуулга болно. Хадны болон агуйн оршуулга нь газрын хөрсөн дор булшны нүх ухаж үхэгсдийн шарилыг булшлах бус харин байгалийн бэлэн агуй хонгил, хадны хөмөг ашиглан шороо чулуугаар далдалж нөгчигсдийн шарилыг оршоодог. Байрлалын хувьд ихэвчлэн уулын дунд болон орой хэсгийн холын бараа сайн үзэгдэх дэвсэг дээр, гол төлөв ам нь урагшаа буюу эсвэл зүүн урд, баруун урд зүг чиглэсэн хүний анхаарал татахааргүй жижгэвтэр агуй ба хадны хөмгийг сонгосон байдаг. Хадны оршуулга нь говь нутагт ховор боловч өвөрмөц тогтоц бүхий Даланжаргалан сумын Их Нартын хадны байгалийн цогцолборт газраас олдсоноороо онцлогтой юм.
2005 оны 10 дугаар сарын 25-нд Даланжаргалын сумын төвөөс баруун урагш 42 км зайтай орших Нартын хадны Бургастайн ам хэмээх газраас агуйн эртний оршуулга илэрсэн мэдээллийн дагуу ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Р.Мөнхтулга, С.Хүрэлсүх нар, аймгийн Музей сургалт судалгааны төвтэй хамтран малтлага судалгаа хийсэн байна. Энэ талаар ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) Б.Цогтбаатар илтгэлдээ: “Биднийг очиход агуйн амаар модон авсны дээд хэсэг, хүний гавлын ясны нүүрэн хэсэг, авсны баруун талаар ширэн бүрээс, зүүн талд тагны мод харагдаж, агуй оготны баас, барагшун, хоргол, хатсан өвсөөр дүүрсэн байлаа. Авсны дотор талын хурдсыг өнгөц цэвэрлэхэд талийгаачийг дагалдах эд зүйлсийн хамт тавьсан, сүйдээгүй буюу бага хөндөгдсөн эртний оршуулга байгаа нь илэрхий болж, байнгын сэрүүн хуурай орчинд элдэв өгөршил, байгалийн нөлөөллийг давж харьцангуй сайн хадгалагдсан, хамгийн сонирхолтой нь оршуулгын зан үйлийг харуулах анхны байрлалаар эд өлөг нь хөндөгдөөгүй байсан нь эрдэм шинжилгээний чухал ач холбогдолтой баримт болно. Бургастайн амны хадны оршуулгын харьцангуй сайн хадгалагдсан эд өлгийн зүйл, ялангуяа эртний монгол эмэгтэйчүүд бэрлэж эхнэр болохдоо өмсдөг байсан богтаг хэмээх малгайн хэсэг, талийгаачийн толгой доор эвхэн дэрлүүлсэн, язгууртан хатагтайн ягаан хоргой дээл, ургамлын дүрст хээтэй, уужим ханцуйтай, сайтар боловсруулсан арьсан дээл, сүлжмэл тэлээтэй арьсан өмд, арьсан гутал гэх мэт хувцас өмсгөл нь урьд манай улс болон хөрш зэргэлдээ орны нутгуудаас бүрэн бүтэн олдож байгаагүй бөгөөд богтаг, хүрэл толь, түүн дээрх дүрс, бусад дээл, гутал, сам зэргийг харьцуулан үзэхэд XII-XIV зууны үед холбогдох нь тодорхой болж байна” (Цогтбаатар, 2005:1) гэжээ.
Энэхүү дурсгал нь орон нутаг төдийгүй олон улсын хэмжээнд бүрэн бүтэн олдож байгаагүй, археологийн ховор олдвор бөгөөд 2009-2013 онд АНУ-ын зарим хотуудад Монголыг сурталчилсан томоохон үзэсгэлэнгүүдэд тавигдсан. Жишээ нь: 2009 оны 02 дугаар сард АНУ-ын Хьюстон хотын Байгалийн шинжлэх ухааны музейд, 2009 оны 09 дүгээр сард Денвер хотын Байгалийн Шинжлэх ухааны музейд тус тус зохион байгуулагдсан “Чингис хааны Монгол: Эзэнт гүрний амьдрал” – Genghis khan’s Mongolia: Life in the greatest empire (Энхтуяа, 2009:45) үзэсгэлэнд тавигдсан байдаг.
Монгол улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу соёлын өвийг түүх, соёл, урлаг, гоо зүй, шинжлэх ухааны ач холбогдол, холбогдох цаг үе, дахин давтагдашгүй байдал, ур хийц, дэг сургууль зэрэг шалгуур үзүүлэлтээр нь “Хосгүй үнэт”, “Үнэт” гэж зэрэглэл тогтоосон байдаг. 1995 оноос эхлэн БСШУЯ-ны дэргэдэх Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэлийг тогтоох Мэргэжлийн зөвлөлөөс музей, сүм хийд, эрдэм шинжилгээний хүрээлэн, номын сан зэрэг газарт хадгалагдаж буй түүх, соёлын дурсгалуудад зэрэглэл тогтоох ажлуудыг зохион байгуулж эхэлсэн. Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр 1995 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 241 дүгээр тогтоолоор нийт 777 үзмэр, эд өлгийн зүйлийг /Засгийн газрын 2019 оны 360 дугаар тогтоолоор нэг үзмэрийг нэмсэн/ “Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйл”-ийн зэрэглэлээр баталсан байдаг. Уг жагсаалтын 769-д Илгэн дээл /эмэгтэй/, 770-д Даавуун дээл /эмэгтэй/, 771-д Торгон дээл /эмэгтэй/ нэрээр Нартын хадны оршуулгад дагалдуулж тавьсан өвөл, зуны гурван дээлийг хамруулсан байдаг.
Таван нүдэн хээтэй дээл: Нарийн нэхээстэй, улаан өнгийн нимгэн бөсөөр хийсэн зөв тийш дарсан ташуу энгэртэй, олон хуниас бүхий сул дэрвэгэр хормойтой дээлийг шарилд өмсгөж тавьсан байна. Цээж хэсэг харьцангуй бүтэн, хормой хоёр ханцуйн хэсгүүд салбарч урагдан их хэмжээгээр гэмтжээ. (Соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах хэлтэс, 2009:15) Дээлийн урт 132 см, өргөн 158 см. Дээл нь нарийн нэхээстэй улаан хүрэн өнгийн нимгэн торгоор хийсэн, зөв тийш дарсан ташуу энгэртэй, босоо захтай, нарийхан ханцуйтай, хуниас бүхий сул дэрвэгэр хормойтой юм. Дээлийг шарилд өмсгөж тавьжээ. Дээлийн цээж хормойг тусад нь эсгэж, 101 см өргөн хормойг цээжин хэсэгт тааруулан ижил хэмжээний олон нугалаас гарган хооронд нь залгасан, сугандаа нэг ширхэг цайвар өнгийн торгон бүчтэй. Дээлийн энгэр, зах, ханцуйг ногоон дэвсгэр дээр алтан шаргал утсаар нэхсэн таван нүдэн хээтэй, мөн ижил нэхээстэй боловч цэцэг ургамлын хээтэй хоёр бөсийг зүйж 7 см өргөн эмжжээ.
Мөн хормойны доод хэсэг, зүүн ташааг бор өнгийн олсон /маалинга/ даавуугаар дотор талаас нь хажилсан байдлаас харахад зүүн гар талдаа өндөр оноотой байсан бололтой.
Захыг бараан өнгийн даавуугаар доторлон, ирмэгийг нь дотогш нугалан нөхөж оёжээ. Захаас хормой хүртэл урт нь 132 см, зүүн ханцуйн үзүүрээс баруун ханцуйн сэмэрхий хүртэл 158 см байна. Эдгээр дээлнүүдийг сурвалж судалгааны материалтай харьцуулан үзэхэд дундад эртний үеийн эхнэр дээлний бүхий л хэв шинжийг өөртөө хадгалсан, хосгүй чухал биет дурсгал болох нь харагдаж байна. Арьсан болон магнаг торгон дээлийг гадуур өмсдөг. Харин сул дэрвэгэр богино хормойтой нимгэн торгон дээлийг дээрх өргөн эсгүүртэй дээлний дотуур өмсөхөөс гадна ханцуйгүй ууж хэлбэрийн өмсгөл дотор өмсөж байсан бололтой” гэжээ. (Туулцэцэг, 2009:109)
