МОНГОЛ УЛС ДАХЬ HSK ШАЛГАЛТЫН ХҮРЭЭЛЭН HSK СУРГАЛТ, СОРИЛЫН ТӨВИЙН БНХАУ-Д СУРАЛЦАХ ТАЛААР ТАНИЛЦУУЛЛАА
Энэхүү арга хэмжээг хоёр улсын түүхэн уламжлалт хамтын ажиллагааг бүс нутгийн түвшинд бэхжүүлэх, харилцан нягт хамтран ажиллах, хүүхэд залуусын ирээдүйн боловсролд нэмэр болох зорилтын хүрээнд БНХАУ-д суралцах өнөөгийн нөхцөл байдал, шаардлагатай бүрдүүлэх материалуудын талаар болоод, Хятадын хотууд болон их, дээд сургуулиудын ерөнхий танилцуулга мэдээллийг хүргэх үүднээс аймгийн ЗДТГ, БНХАУ-аас Замын-үүд суманд суух консулын газар, Монгол Улс дахь HSK шалгалтын хүрээлэн HSK сургалт, сорилын төв хамтран зохион байгуулж байна.
Дорноговь аймаг нь БНХАУ-ын хил залгаа аймаг хошуудтай хамтын ажиллагааг хөгжүүлж, гадаад худалдаа, боловсрол, эрүүл мэнд, үйлдвэрлэлийн чиглэлээр өргөн хүрээтэй харилцсаар ирсэн.
Тэр дундаа БНХАУ-аас Замын-Үүд суманд суугаа Ерөнхий Консулын газрын дэмжлэгтэйгээр БНХАУ-ын ӨМӨЗО-ны олон хот, хошуудтай эртнээс уламжлагдаж ирсэн найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай байж, дан ганц боомтын үйл ажиллагаагаар хязгаарлагдахгүй эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрүүл мэнд, байгаль орчин, аялал жуулчлал, цахилгаан эрчим хүчний чиглэлээр тасралтгүй хамтран ажилласаар ирсэн билээ.
Аймгийн Засаг дарга О.Батжаргал уулзалтын үеэр “Гадаад улсад тэр дундаа Хятад улсад суралцахаар сонирхож буй оюутан залуучууддаа хандаж хэлэхэд нийтлэг мэргэжлүүдээр бус, сонгох гэж байгаа мэргэжлийнхээ талаар бүрэн мэдээлэлтэй байж аль болох нарийн мэргэжлийн, дутагдаж байгаа мэргэжлээр сурахыг эрмэлзэхийн сацуу олон төрлийн мэргэжлийг судалж үзээрэй” гэж гэж зөвлөв.
Мөн аймаг орон нутагт маань ажлын байр олноор нэмэгдэж, эргээд төгсөөд нутаг орныхоо бүтээн байгуулалт хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах ур чадвартай, тогтвор суурьшилтай, чин сэтгэлээсээ бүтээлчээр ажиллах залууст ажлын байр хангалттай байх болно гэдгийг онцоллоо.
