АНАНД-ОЧИР НОЁНЫ ДЭЭЛ

     Монголын эзэнт гүрэн задран мөхсөний дараа XIV-XVI зууны үед Мэргэн засгийн хошуу нь тэр цагийн Ар Халхын улс түмний бүрэлдэхүүнд багтаж, түүний зүүн өмнө зах хязгаар нутаг болж байжээ. XVI зууны үед Батмөнх даян хааны (1466-1520-иод он) отгон хөвгүүн Гэсрэнз жалайр хунтайжийн (1513-1549) Онохуй Үйзэн ноёны хошуу болгож хуваан захирч байсан. Одоогийн Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгуудын нутгийг хамарсан Их говийн тэр нэгэн том отгийг Онохуй Үйзэн ноёны хоёрдугаар хөвгүүн, XVI зууны үед амьдарч байсан Абахуй мэргэн ноён захирч байсан бөгөөд чухам түүний ор суурин дээр дараагийн үед уг отог нь шинэ хошуу болж, Мэргэн ноёны хошуу, Мэргэн засгийн хошуу хэмээн нэрлэгдэх болсон байна.

     Тэр үед Абахуйн угсааны Гүрших хэмээх залуу сурвалжит язгууртан үе залгамжлан Говийн Мэргэн ноёны хошууны засаг болжээ.

     Тэр цагаас хойш Мэргэн ноёны хошууг Мэргэн вангийн хошуу, Гүршихийг засгийн мэргэн жонон гэж нэрлэх болжээ. Мэргэн жонон Гүршихийг 1705 онд нас барсны дараа ахмад хөвгүүнд нь жонон цолыг уламжлуулсангүй, зөвхөн жүн ваны хэргэм зэрэг, засаг ноён цолыг залгамжлуулсан байна.

     Манж нар Монгол улсын төв гол хэсэг Ар Монголыг эзэлж аваад нэн даруй 34 хошуу болгосны дотор Мэргэн вангийн хошуу нь бас хэд хуваагдан жижгэрч, үндсэндээ зөвхөн одоогийн Дорноговь аймгийн нутгийг хамрах болсон байна. Гэсэн ч Мэргэн вангийн хошуу нь Манжийн ноёрхол (1691-1911), Олноо өргөгдсөн Монгол улс (1911-1921), Ардын засгийн эхний үед 1924 оныг хүртэл 12-13 сумтай, нэлээд том хошуунд орж байжээ.

     Сүүлийн хошуу ноён Амгаабазарын ганц хөвүүн Ананд-Очир нь 1892 онд Мэргэн засгийн хошуу ноён болжээ. 1894 онд хишиг тархаахад нэг нэмсэн зэрэг шагнуулж, 1895 оноос эцэг өвгөдийн хашиж ирсэн үржүүлэх тэмээний хэргийг захирах болов. Мөн онд Жибзундамба хутагтын түлэгдсэн сүмийг шинэтгэн засахад тусалсан учир гурав тэмдэглэсэн зэрэг, 1900 онд бат тэмдэгт бичгийн зүйлд мөнгө тусалсан учир гурван нүдний тогосын отго хадуулж, аймгийн туслагч жанжны хэбэйн тушаалд томилогджээ. Үүнээс хойш 1902-1905 онд Халхын захын хэргийг сэргийлэн суухад хүчин зүтгэж, хотын үйлдвэрт мөнгө, мал тусалж, үржүүлэх тэмээг сайн захирсан учир 6 нэмсэн, 3 тэмдэглэсэн зэрэг, харавтар улаан жолоо шагнуулсан. 1912 онд Их Хүрээнд дайчилсан харьяат хошууны цэргийг хугацаанд нь мордуулаагүй учир Богд хааны зарлигаар Засаг вангаас байлгажээ.

     Мэргэн вангийн хошууны ард иргэд “Бүдүүн ноён” хэмээн авгайлдаг байсан бөгөөд түүний өмсөж байсан ямбаны дээл, эмээлийн мод зэргээс харахад нэлээн том биетэй, биерхүү хүн байсныг илтгэдэг. Түүний өмсөж байсан таван луу хээтэй, ёнхор буюу алтан /металл/ утсаар оёсон улаан торгон ямбаны дээл, эмээлийн мод, жийжүү дөрөө нь аймгийн МССТ-д хадгалагдаж байна. Эдгээр нь улаан торгон дээр таван лууг ёнхор утсаар зүү ороон урласан бөгөөд 220 см урттай, 145 см өргөнтэй, 88 см хормойн өргөн бүхий хэмжээтэй дээл, модоор наамаллаж үдэж хийсэн, намхан бүүрэгтэй, бүүрэгний хоёр талаар гуулийг хөөмөлдөж хээ гаргасан, Манжийн үед хошуу ноёдод олгож байсан эмээлийн мод болон жийжүү дөрөө юм.

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ