ГОМБОНЭРЭНГИЙН ДЭЭЛ
Материал: Пүүсүү, алтан шаргал утас
Хэмжээ: Өргөн: 106см, Өндөр: 128см,
Он цаг: Богд хаант Монгол улсын үе
Хэрэглэж байсан: Боржигон Сэцэн ван Гомбосүрэн хэрэглэж байсан.
Алтан шаргал утсаар уул, үүл тэргүүтнийг оёсон. Цээж ар хэсэгт алтан шаргал утсаар лууг дүрсэлсэн. Зах нь мухар, энгэрийг дөрвөн хуруу бор атласаар дэвсгэрлэж луугаар чимэглэсэн. Суга уужим. Боржигон Цэцэн вангийн сүүлчийн ноён Гомбосүрэнгийн өмсөж байсан ямбаны дээл.
Цэрэнгийн ГОМБОСҮРЭН
1911 онд Монголын үндэсний хувьсгалын удирдагч долоон хүний нэг. 1911 оны Монголын үндэсний хувьсгалын удирдагч нар нь халхын Хүрээний газрын бүгд хэргийг түр ерөнхийлөн захиран шийтэх Да Түшээ гүн Чагдаржав, хамаарсан Да Жүн ван Гомбосүрэн , зөвлөн шийтгэх хэвэй бэйс Гомбосүрэн, ван Цэрэнсодном, гүн Намсрай, Да лам Цэрэнчимэд нар байлаа.
Ц.Гомбосүрэн нь Юндэндоржийн ойр төрлийн дэд зэрэг тайж Цэрэнгийн ахмад хөвгүүн. Боржигод овог, Хиуд яс, Сэцэн хан аймгийн боржигон Сэцэн вангийн хошуу засаг. Бадаргуулт төрийн 34 дугаар /1908/ онд жүн вангийн зэрэг засаг төрийн бэйл ЕСДҮГЭЭР удаа залгамжилжээ. Хэвт ёсны 2 дугаар онд мөнгө тусласан учир гурван нүдний тогосны отго хадуулжээ. Монгол улсын Олноо өргөгдсөний тэргүүн он өвөл цаг Очир Дара Богд гэгээнийг хаанд өргөмжилж, эрдэнийн сууринаа залсан учир зарлигаар хишиг тараахад үе улиран Сэцэн цол, Чин вангийн зэрэг, засаг төрийн жүн ван, жич харавтар улаан жолоо шагнан хүртээж Дотоод яамны дэд сайд, харъяат аймгийн чуулганы дарга талбижээ. 1913 онд төвийн ордны газар хамба номунханд ёсны гадна зүй бус үг хэлсэн учир буруушаан айлтгаад, улбар шар хүрэм, улбаршар жолоо шагнан хүртээжээ. Наймдугаар онд Цогчин дуганы үйлдвэрт мөн зөвлөн шийтгэх хэвэй бэйс туслан барьсан учир айлтгаад хоёр тэмдэглэсэн зэрэг шагнал хүртээжээ. Орос монгол судлаач Е.М.Даревская номондоо “Тайж ван цолтой Гомбосүрэн хэмээх хүн 1918 онд Орос улсын Томск хотын морин заводад орж, монгол адууны чанар сайжруулах талаар туршлага судалсныг мэдээлсэн байна” хэмээн доктор С.Чулуун тэмдэглэжээ.
