“ДУНД ТӨРМӨЛИЙН ЭРИН” ҮЗЭСГЭЛЭН 2021 ОНЫГ ДУУСТАЛ ҮЗЭГЧДИЙН ХҮРТЭЭЛ БОЛНО
Байгалийн Түүхийн Музейн 20 гаруй ховор, үнэт үзмэрүүдээс бүрдсэн “Дунд төрмөлийн эрин” үзэсгэлэн 2020 оны 01 дүгээр сард МССТ-ийн Палеонтологийн танхимд дэглэгдсэн. “Өндөг хулгайлагч” үлэг гүрвэл Овирапторын дэлхийд ганцхан олдсон бүтэн хэлхээ яс, Протоцератопс буюу монгол нутагт хонь шиг бэлчиж байсан, олон төрөл бүхий намхан жижиг биетэй, эвэрлэг, газраар явдаг үлэг гүрвэлийн толгойн яс, өндөгний үүр, дөнгөж хагарсан зулзаганых нь хэлхээ яс буюу чулуужсан үр хөврөл, Вилоцераптор, Пситтакозавр, холимог идэштэн Алиорамус ремотус үлэг гүрвэлийн бүтнээрээ олдсон ганц гавлын яс зэрэг монгол нутгаас олддог үлэг гүрвэлүүдийн өндөг, үр хөврөлүүд, тэдгээрийн бүтэц хэмжээ, хадгалалтын байдлыг харуулах ховор олдворууд, Остеоглоссид гэх өмнө зүгийн эх газрын ясархаг хэлт загас, Палеозойн эриний далай тэнгист өргөн тархалттай амьтны нэг болох мөрхөлтөн, дун зэрэг нэн ховор, сонирхолтой олдворууд тус үзэсгэлэнд тавигдлаа. Бидний амьдарч буй Дорноговь аймгийн газар нутаг нь өдгөө говь, цөлийн бүсэд ордог боловч олон сая жилийн тэртээ газрын гадаргын усаар элбэг, халуун дулаан таатай уур амьсгалтай байсан бөгөөд үлэг гүрвэлийн олон төрлүүд олноороо оршин амьдарч байсныг эдгээр палеонтологийн олдворууд баталдаг. Хуваарийн дагуу 1 сарын хугацаанд толилуулах төлөвлөгөөтэй байсан ч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан үзэсгэлэнгийн хугацааг сунгаж, 2021 оныг дуустал үзэгчдийн хүртээл болохоор боллоо. Та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сахиж, энэхүү ховор сонин үзэсгэлэнд морилон саатаарай.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТАН А.УРАНЖАРГАЛ
